АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны хоёр байгууллага ирэх сарын 3-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, эсвэл дараа болж магадгүй эмх замбараагүй байдалд урьчилан бэлтгэлээ хангаад эхэлчихжээ. “Washington post” сонинд бичсэнээр үзвэл, сонгуулийн өдөр үүсч болзошгүй эмх замбараагүй байдлыг мөрдөн шалгахаар Хууль зүйн яам болон Холбооны мөрдөх товчоо нь бэлтгэж буй тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Ялангуяа Нью-Йоркт ийм явдал болж магадгүй тухай тус хотын дарга Билл де Блазио хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Fox news” телевизээр үг хэлэхдээ өөрийг нь улираан сонгосон тохиолдолд эсэргүүцлийн ажиллагаа, хүчирхийлэл гарна гэж болгоомжлохгүй байхыг уриалсан байна. Хууль журмыг чанд сахин мөрдүүлэхээ тэрбээр амласан аж.