Өмнөд Солонгос улирлын томууны вакцинжуулалтад хамрагдсан таван иргэн нас барсан тухай мэдээллийг аравдугаар сарын 21-ны өдөр анхлан цацсан бол өнөө өглөөний байдлаар, БНСУ-ын Анагаах ухааны холбооноос томуугийн эсрэг вакцин хийлгэсэн 13 хүн нас барсныг мэдээллээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан вакцинжуулалтыг энэ сарын 29-нийг хүртэл түр зогсоохыг зөвлөсөн тухай “Чосон ильбо” сонин мэдээлэв. Улирлын томууны таван сая тун вакцины хадгалалтын горим алдагдсаныг нь тогтоосон болохыг хэвлэлүүд бичсээр байна. БНСУ-ын Анагаах ухааны холбооны тэргүүн Чхве Дэ Жил вакцины аюулгүй байдал батлагдах хүртэл томуугийн эсрэг вакцинжуулалтыг зогсоохыг зөвлөж, вакцин хийлгэсний улмаас нас барсан хэргийг сайтар судалж, вакцины үйлдвэрлэл, хуваарилалтыг бүх талаас нь судлахыг анхааруулаад байна.
БНСУ-д томуугийн эсрэг вакцин хийлгээд нас барсан анхны тохиолдол энэ сарын 16-нд Инчён хотод бүртгэгдсэн юм. Тус хотын ахлах ангид сурдаг, 17 настай сурагч вакцин хийлгэснээс хойш удалгүй эндсэн байна. Түүнээс хойш Сөүл, Кёнги зэрэг мужид вакцин хийлгэсэн хүмүүс нас барсан тохиолдлууд гарсан юм. 13 тохиолдлын дийлэнх нь өндөр настнууд байжээ.
Эмч нарын зүгээс нас барсан 13 тохиолдлын зургаа нь томуугийн вакцинтай холбоогүй гэж мэдэгдээд байгаа бөгөөд вакциныг шинжлэхэд ямар нэгэн хортой бодис илрээгүй, томуугийн вакцин хийлгэхэд элбэг тохиодог анафилаксийн шок буюу харшлын урвалын шинжилгээ сөрөг гарсан гэх мэдээлэл өгч байгаа ажээ. Өмнөд Солонгосын эрх баригчид ч мөн дээрх хүмүүсийн нас барсан шалтгааныг вакцинжуулалттай холбох үндэслэлгүй гэж мэдэгдэж байгаа юм.
У.Тэргэл