БНХАУ-ын дарга Ши Жинпинь Гуандун муж дахь цэргийн баазад айлчлах үеэр цэргүүдэд дайнд бэлдэх, туйлын үнэнч, найдвартай байдлаа харуулахыг уриалжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр, Ши Жинпинь Хятадын Ардын чөлөөлөх армийн тэнгисийн явган цэргийн корпуст хандаж үг хэлэхдээ ийн мэдэгдсэн байна.
“Бүх бодол санаа, хүчээ дайнд бэлдэх, цэргийн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангахад төвлөрүүлэх хэрэгтэй” хэмээн тэрбээр онцолжээ. Мөн “тэнгисийн явган цэргийн корпус нь улсын бие даасан байдал, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, улсын ашиг сонирхлыг хамгаалах туйлын чухал даалгаврыг биелүүлэх үүрэг хүлээсэн элит анги юм” гээд хүчтэй арми бий болгохын тулд тус корпусын шинэчлэлийг эрчимжүүлэх, бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд бүхий л хүчин чармайлтаа дайчлахыг уриалсан байна.
Ши Жинпиний хэлснээр, тэнгисийн явган цэргийн корпусын бэлтгэл Хятад улсын хөгжил, аюулгүй байдлын хангах стратегитай уялдах учиртай. БНХАУ-ын төрийн тэргүүн Гуандун мужид тус улсын эдийн засгийн анхны тусгай бүс байгуулсны 40 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн нь энэ аж.
У.Тэргэл
Сэтгэгдэл (5)