БНХАУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусний тохиолдол эрс буурлаа гэж байгаа ч зүүн нутгийн Шаньдун мужийн Чиндао хотод эсрэгээрээ нөхцөл байдал хүндэрчээ. Тиймээс Циндао хотын нисэх онгоцны буудлын захиргаа коронавирусний халдварын нөхцөл байдлын улмаас өнөөдөр үйлдэх байсан хуваарьт нислэгийнхээ 50 гаруй хувийг буюу 240 гаруй нислэгийг цуцалсан байна.
Тодруулбал, Бээжин-Чиндао чиглэлийн 16 нислэгийн 11-ийг, буцах 12 нислэгийн зургааг нь цуцалжээ. Энэ дагуу онцын шаардлагагүй бол Циндао хот руу жуулчлах, бизнес аялал хийхгүй байхыг Бээжин хотын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс уриалаад байна. Мөн хотын нийт иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулах томоохон аянг эхлүүлж байгаагаа хотын эрх баригчид мэдэгдээд байгаа юм.