Киргизэд аравдугаар сарын 5-ны өдөр болж өндөрлөсөн парламентын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй иргэд жагсаал цуглаан зохион байгуулснаар тус улсад нөхцөд байдал тогтворгүй болсон билээ.
Тайван жагсаал эцэстээ мөргөлдөөнд шилжиж, эсэргүүцэгчид Засгийн газрын ордон, Ерөнхийлөгчийн захиргааны байр, Ерөнхий прокурорын газар болон нийслэлийн захиргааны байрыг тус тус эзлэн авсан юм. Түүнчлэн хорих анги руу дайрч, хоригдож байсан Ерөнхийлөгч асан Атамбаевыг сулласан.
Киргизийн Ерөнхиийлөгч С.Жээнбеков “Улс орон тогтворжсоны дараа албан тушаалаасаа огцроход бэлэн” гэдгээ мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дараахан тэрбээр улсынхаа Ерөнхий сайд болон сайд нарын танхимын гишүүдийг огцруулах зарлигт гарын үсэг зурсан билээ. Мөн үүсээд буй нөхцөл байдлыг намжааж, улс төрийн хямралыг даван туулахад чиглэсэн арга хэмжээгээ танилцуулахдаа парламентын сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцох, сонгуулийн товыг дахин гаргах зэрэг асуудлыг хөндсөн юм.
Мөн дэг журам сахиулах үүднээс Бишкек хотноо цэрэг оруулах шийдвэр гаргаж, аравдугаар сарын 21-нийг хүртэл онц байдал зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор Бишкек хотноо орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах, жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох, мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хяналт тогтоохоор тусгасан аж. Мөн нөхцөл байдлыг хүндрүүлж буй өөр нэг шалтгаан нь “Ковид-19” –ийн цар тахал болоод байна.
Тус улсад өнгөрсөн долоодугаар сард уг өвчний халдвар газар авч , нэг хүнд ногдох нас баралтын үзүүлэлт дээд хэмжээндээ хүрч байв. Мөн тус улсын Засгийн газар татварын төлбөр, гаалийн татварыг бууруулах арга хэмжээ авсан нь эдийн засгийн гүн хямралд хүргэсэн гэдэг.
У.Тэргэл