АНУ-ын дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдын халз мэтгэлцээн болж өнгөрлөө. Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис, Бүгд найрамдах намаас өрсөлдөгч Майк Пенс нарыг цар тахалтай холбогдуулан гэрэлтдэг хавтангаар тусгаарлаж, оролцогчдыг хооронд нь дөрвөн метр орчим зайтай суулгасан байна. Мэтгэлцээний үеэр нэр дэвшигч сенатч Камала Харрис сүүлийн хагас жилийн хугацаанд Трампын захиргаанаас хэрэгжүүлсэн бодлого нь АНУ-ын түүхэн дэх хамгийн бүтэлгүй ажиллагаа болсон гэв.
Мөн цар тахлын улмаас 210 мянга гаруй америк иргэн амиа алдаж, долоон сая хүн халдвар авч, 30 сая давсан хүн ажилгүйдлийн тэтгэмж авсныг тодотгожээ. Харин Цар тахалтай тэмцэх ажлын хэсгийг ахалж буй нэр дэвшигч Майк Пенс “АНУ-д коронавирусний өвчинтэй хийх тэмцэл үр дүнтэй, амжилттай яваа.
Ирэх он гэхэд вакцин гарна” хэмээжээ. Халз мэтгэлцээний үеэр М.Пенсийн толгой дээр хоёр минутын турш ялаа суусан нь америкчуудын анхаарлыг ихэд татаж, ялааг тойрсон сэдэв сошиал ертөнцийг байлдан дагуулаад байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгчдийн халз мэтгэлцээнийг үзсэн нийт 609 сонгогчийн 59 хувь нь Харрис ялсан гэж үзсэн бол 38 хувь нь Пенс давуу байсан гэж хариулжээ.