Киргизийн Ерөнхий сайд Кутабек Боронов Ерөнхийлөгчдөө огцрох хүсэлт гаргаснаар тус улсын парламент хүлээн авч, оронд нь Садыр Жапаровыг Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилохыг дэмжжээ. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг батлахын тулд “Достук” зочид буудалд парламентыг яаралтай хуралдуулахыг сөрөг хүчнийхэн өнгөрсөн мягмар гарагт уриалсан юм.
Энэ удаад 120 гишүүний 62 нь ирсэн байна. Киргизэд өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан парламентын сонгуульд ялагдсан намуудын дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан ба тэдгээрийн нэг нь Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын хүү Сейитбек Атамбаевын “Киргизийн социал демократууд” нам аж.
Жагсагчид мягмар гарагт шилжих шөнө парламентын ордонг эзэлсний дараа Ерөнхийлөгч асан А.Атамбаев, Ерөнхий сайд асан Садыр Жапаров, Жанторо Сатыбалдтиев нарыг шоронгоос сулласан билээ. Дээрх мөргөлдөөний улмаас энгийн 700 иргэн, хууль сахиулах байгууллагын 200 орчим ажилтан, алба хаагч гэмтэж, нэг хүн амиа алджээ.
У.Тэргэл