Киргизийн жагсагчид парламентынхаа сонгуулийг будлиантай болсон гэж үзэн Засгийн газрынхаа байр руу өчигдөр дайрч, галдан шатаасан юм. Нийслэл Бишкек хотод эхэлсэн эсэргүүцлийн жагсаалд 4000 орчим хүн оролцсон бөгөөд цагдаа нар хүчээр тараасан байна. Киргизийн орон нутгийн хэвлэлүүдэд бичиж байгаагаар, Засгийн газрын барилгад гарсан галыг унтраасан гэжээ.
Гэсэн ч эсэргүүцэгчид өнөө өглөө дахин цугларч захирагчийн албаны барилгыг эзлэн, цаашлаад Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны төв байранд нэвтэрчээ. Засгийн газрын зүгээс энэхүү эмх замбараагүй байдлыг сөрөг хүчнийхний засгийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого хэмээн мэдэгдээд байгаа. Цагдаа, иргэдийн мөргөлдөөний улмаас нэг хүн амиа алдаж, 600 орчим хүн шархадсан бөгөөд улсынх нь Ерөнхийлөгч жагсагчдын эсрэг гал нээхийг хоригложээ.