АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эмчилгээгээ үргэлжлүүлж магадгүй байна. Түүний эмч нарын нэг Брайн Гарибальди ийнхүү мэдэгдэж “Түүний биеийн байдал үнэхээр сайн байгаа. Энэ хэвээрээ үргэлжилбэл өнөө, маргаашгүй эмнэлгээс гаргахаар төлөвлөж байна. АНУ-ын Төрийн тэргүүний бие сайжирсаар байна” гэжээ.
Д.Трампын хэвтэн эмчлүүлж буй Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлгийн төвийн мэргэжилтнүүд “АНУ-ын удирдагчид баасан гарагийн өглөөнөөс хойш халуун нь нэмэгдсэн шинж тэмдэг ажиглагдаагүй” гэжээ. Гэргийн хамтаар коронавирусний халдвар авсан тухайгаа Д.Трамп баасан гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Тэр энэ өдөртөө Мэрилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлгийн төвд хэвтсэн бөгөөд Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кейли Макинэни мэдэгдэхдээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон Д.Трамп ойрын өдрүүдийг эмнэлэгт өнгөрөөж, тэндээсээ ажил үүргээ гүйцэтгэнэ гэсэн юм.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн туслах Хоуп Хикс, Д.Трампын зөвлөх асан Келлиэнн Конуэй, Бүгд Найрамдах намын гурван сенатч, Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны дарга Ронн Макдэниел, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын менежер Уильям Степин, Цагаан ордны гурван сэтгүүлч коронавирусээр халдварлаад байгаа юм.