АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын 75 дахь удаагийн чуулган болж байна. Энэ удаад Нэгдсэн Үндэсний байгууллага байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаагаараа онцлог. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш “Энэ удаагийн чуулганы хуралдаан өмнөх жилүүдээс онцлогтой. Учир нь, дэлхий нийтэд тархсан “Ковид-19”-ийн улмаас дэлхийн удирдагчид Нью-Йорк хотод биечлэн ирэхгүй. Цахимаар чуулганд оролцож, дүрс бичлэгээр үг хэлнэ” гэлээ.
Чуулганыг цахимаар явуулах болсны эерэг тал нь урьд хожид байгаагүйгээр олон орны удирдагч оролцохоор болжээ. Урьдчилан тооцоолсноор, дэлхийн 119 орны удирдагч, Засгийн газрын 54 тэргүүн цахимаар үг хэлэх бөгөөд тэдний дийлэнх нь “Ковид-19” цар тахлын талаар үг хэлэх нь тодорхой аж.
Уламжлал ёсоор дэлхийн удирдагчдаас хамгийн түрүүнд Бразилийн төрийн тэргүүн үг хэлэх юм. Үүнээс гадна НҮБ-ын цахим чуулганаар дэлхийд тулгамдаж буй бусад асуудлаар хэд хэдэн уулзалтыг зохион байгуулна. Тухайлбал, есдүгээр сарын 24-нд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдлыг бууруулах асуудлыг хэлэлцэх бол есдүгээр сарын 30-нд НҮБ-д анх удаа биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудлаар чуулна.
Харин аравдугаар сарын 1-нд болох Дээд түвшний уулзалтын гол сэдэв нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх тухай байх аж.