АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын амь насыг хөнөөх зорилгоор үхлийн аюултай рицин гэх хорт бодис бүхий захидал илгээсэн сэжигтнийг Канадын хил дээрээс саатуулсан талаар АНУ-ын Гаалийн байгууллага мэдээллээ.
Албаны эх сурвалж, сэжигтэн нь эмэгтэй гэдгээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Канадын цагдаагийн байгууллага хордуулсан захидлыг тус улсын нутаг дэвсгэрээс Цагаан ордон руу ням гарагт илгээсэн байж болзошгүй гэж мэдэгдсэн. Мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Цагаан ордны Нууц албаныхны мэдээлснээр, рицинээр хордуулсан захидлыг Ерөнхийлөгч Доналд Трампад хаягласан байсныг баталсан байна. Энэ удаагийнх Доналд Трампыг ричинээр хордуулахыг оролдсон анхны тохиолдол биш юм. 2018 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтнууд болон Цагаан ордны тэргүүнд рицин бүхий хордуулсан ил захидал илгээж байсан юм. Тухайн үед хортой захидлыг аюулгүй болгож, мөрдөн шалгалтын явцад Юта мужийн иргэн Уильям Клайд Аллен гэх этгээд илгээсэн болохыг нь тогтоож, хорих шийтгэл оногдуулсан байна.
Латин нэршил нь “Ricinus” буюу кастор шошны үрээс гарган авдаг ричин бодис нь шингэн, нунтаг болон талст хэлбэртэй байдаг. Энэ нь маш хортой, үхлийн аюултай бодист тооцогддог бөгөөд ердөө 0.3 миллиграмм хэмжээтэй нь насанд хүрсэн эрэгтэй хүнийг хөнөөхөд хангалттай гэж үздэг. Хүн төрөлхтөн одоогоор энэхүү бодисын эсрэг ямар ч ерөндөг олж илрүүлээгүй байгаа юм. Рицинд хордсон хүний эс уураг ялгаруулах боломжгүй болсноор биеийн эрхтнүүд дутагдалд орж, цусны эргэлтийн систем доголдсоноор үхэлд хүрдэг байна. Рицин нь цианидаас 6000 дахин хүчтэй бөгөөд энэхүү бодисоор үхлийн тунгаар амьсгалах, идэх, тарих төдийд минутын дотор амь насаа алдах аюултай. Тиймээс алан хядлагад ихээр ашигладаг байна.