Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ түүний бүс нутаг хариуцсан байгууллага болох Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүлгээс 2019 оны есдүгээр сард Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулж, үүнээс гарахын тулд хэд хэдэн үүрэг даалгавар биелүүлэхийг шаардсан байдаг.
Харин манай улс долоон сарын хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлжээ. ФАТФ-ын Ази, Номхон далайн бүлгээс Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн гээд сүүлийн шатны үнэлгээг газар дээр нь буюу Монголд ирж хийхээр шийдвэрлэснээ мэдэгдэж байлаа.
Энэ дагуу ФАТФ-ын багийн зургаан шинжээч энэ есдүгээр сарын 28-нд Монголд ирэхээр болжээ.
Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарахын тулд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо онцгойлон анхаарч арав орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулгыг хийж, баталсан. Тиймдээ ч ФАТФ-ын багийнхан энэ чиглэлийн буюу Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, шүүх, прокурор, цагдаа, гааль, Авлигатай тэмцэх газар, тагнуул зэрэг байгууллагын 140 гаруй хүнтэй уулзахаар тогтжээ. Улмаар уулзалт дууссаны дараа энэхүү 140 хүнийг 21 хоног тусгаарлана. Харин ФАТФ-ын багийн зургаан хүн Монголд ирэхээсээ өмнө тус тусын улсдаа 7-14 хоног, харин Улаанбаатарт ирэнгүүт нь 3-7 хоног мөн тусгаарлах юм байна.