Ерөнхий сайдаар хамгийн олон жил ажилласан Шинзо Абэгийн бүрэн эрхийн хугацаа 2020 оны есдүгээр сард дуусах байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас огцорч буйгаа зарласан. Тиймээс орных нь хүнийг томилох шаардлага үүссэн тул Абэгийн тэргүүлж байсан Либерал-Ардчилсан намын хурал өнгөрсөн даваа гарагт болж, Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сугаг тус намын даргаар сонгосон юм. Санал хураалтад хууль тогтоогч болон төлөөлөгч нарын нийт 534 хүн оролцсоноос Суга 377 хүний санал авч тэргүүлсэн.
Тиймээс тус улсын парламент өнөөдөр түүнийг шинэ Ерөнхий сайдаар батална. Ёшихидэ Суга өдгөө 71 настай. Түүнийг Шинзо Абэгийн ойрын холбоотон гэж үздэг бөгөөд үзэл бодол, мөрийн хөтөлбөрийг нь үргэлжлүүлэх нэгэн гэж эрх баригч намын гишүүд үзжээ. Ёшихидэ Суга нь борог амьдралаас гаралтайгаараа өмнөх Ерөнхий сайдуудаас ялгардаг. Тэрбээр Токиогийн хамгийн хямд төлбөртэй их сургуулийн улс төрийн ангийг дүүргэсэн.
Анх 1987 онд Иокогама хотын зөвлөлд сонгогдохын тулд айл айлын хаалга тогшин явсаар зургаан хос гутлын улыг эргүүлсэн гэдэг. Тэрбээр Шинзо Абэг унаж босох бүхий л цаг үед хамт байсан үнэнч туслагч нь билээ.