Өвөрмонголчуудын монгол хэл дээрх сурах бичгийг хятадаар солих бодлогын эсрэг эсэргүүцлийн жагсаалын үеэр БНХАУ-ын хууль хүчнийхэн 25 орчим хүнийг баривчлан саатуулсан байна. Өвөрмонголын таван хот, хошуунд монгол угсаатнууд жагсч, Бээжингийн баримталж буй бодлогыг эсэргүүцэн хүүхдээ хичээлд нь явуулахгүйгээр шийдээд байгаа билээ.
Энэхүү эсэргүүцлийн жагсаалыг хумих, намжаахын тулд Хятадын цагдаагийн газраас мөрдлөг явуулж эхэлжээ. Тэд юуны өмнө нийгмийн цахим сүлжээгээр жагсаал, цуглаан зохион байгуулахыг, нэгдэхийг уриалсан 130 орчим хүнийг эрэн сурвалжилж байгаа бол 100-гаас дээш хүнтэй эсэргүүцлийн жагсаал, цуглааныг удирдсан хүний талаарх мэдээллийг 1000 юаниар авахаа мэдэгдээд байгаа юм.