Саудын Арабын нэрт сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг Саудыг Арабын нэгдсэн шүүхээс эцэслэн шийдвэрлэж, буруутай этгээдүүдэд зохих ялыг нь оноосон байна. “Al Arabiya” телевизийн мэдээлснээр, уг хэрэгт найман хүнийг сэжигтнээр татан шалгасан бөгөөд тэдгээрт 7-20 жилийн хорих ял оноожээ.
Шүүхийн энэхүү шийдвэр эцсийнх юм байна. Саудын Арабын Прокурорын газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сэтгүүлч Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон таван хүнд цаазаар авах, мөн гэмт хэргийг нуун дарагдуулахад оролцсон гурван хүнд 24 жилийн хорих ял төлөвлөснөө мэдэгдэж байсан билээ. Гэвч шүүхээс цаазаар авах ялыг урт хугацааны буюу 20 жилийн, зарим хүнд оноосон 24 жилийн хорих ялыг нь тус бүрд нь бууруулж ялыг нь хөнгөвчилсөн байна.
Хашоггийн том хүү Салах эцгийнх нь амийг хөнөөсөн этгээдүүдийг гэр бүлийнхэн нь уучилсан тухай мөн мэдэгдсэн. Хохирогчийн ар гэрийнхэн, төрөл төрөгсөд нь уучилсан тохиолдолд гэмт этгээдэд өршөөл үзүүлэх заалт Саудын Арабын хуульд байдаг бөгөөд энэ тохиолдолд цаазаар авах ял оноодоггүй байна.