Хятад улс манай улсаас хандив тусламж болгон өгсөн 30 мянган хонины тухай баримтат кино хийхээр болжээ.
Хятадын талаас энэхүү баримтат киноны зураг авалтыг эхлүүлж байгаагаа зарласан албан ёсны арга хэмжээ энэ сарын 10-нд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд боллоо. Баримтат киног БНХАУ-ын Хэпин /Peace international/ компаний захирал Д.Энхбаяр санаачлан, киноны уран бүтээлчид болон хөрөнгө оруулагчидтай хамтран бүтээхээр шуударчээ.
Д.Энхбаяр нь ӨМӨЗО-ны Алшаа аймгийн уугуул, нэртэй хөгжмийн зохиолч, продюсер юм. Киноны зохиолыг Шан Шүэ Вэнь, Жү Шэнь Ли нар хамтран бичсэн бөгөөд "Чонон сүлд" киноны туслах найруулагчаар ажилласан Нанжид, найруулагч Чин Жао нар найруулахаар болжээ. Болсон явдлыг эргүүлэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг 30 мянган хонийг Хятад улсад хандивлаж байгаагаа дуулгасан билээ.
Хятад улсад цар тахал ид дэгдэж байх тухайн үед зоримогхон зорьж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, "Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлж байна" гээд 30 мянган хонь хандивлах гэрчилгээг Ши Жиньпинд гардуулсан юм. Мал тарга хүчээ сэлбэж дуусдаг намрын сард мөнөөх 30 мянган хонийг Хятад улсад нийлүүлэхээр тохирсоны дагуу хоньд удахгүй ирэх гэж байгаа тул киноны зургийн багийнхан ажлаа эхлүүлж байгаа юм байна. Гурван бүлэг, 45 минутын хэмжээтэй энэ баримтат кино ирэх аравдугаар сарын сүүлчээр нээлтээ хийх бөгөөд Монголын 21 аймгийн малчны хотонд зураг авалтыг нь хийх ажээ.
CCTV.COM
Сэтгэгдэл (3)