Өнгөрсөн долоон сарын хугацаанд дэлхий даяар 18 сая хүн коронавирусний халдвар авч үүнээс 11.3 сая хүн эдгэрч, 690 гаруй мянган хүн нас бараад байна. Өнгөрсөн бямба гаригт дэлхий даяар 300 мянган хүн, ням гаригт 255 мянган хүн шинээр халдвар авчээ.
Дэлхийн олон улс оронд халдварын тархалттай тэмцэх олон талын арга хэмжээ авч, олон арван эрдэм шинжилгээний хүрээлэн, дэлхийн тэргүүлэх лаборатори, эмийн үйлдвэрүүдэд вакцин бүтээх судалгааны ажил үргэлжилсээр байна.
Одоогийн байдлаар туршилтын хоёр ба гуравдугаар шатандаа орсон хэд хэдэн вакцины талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байгаа боловч цаг хугацааны хувьд хэрэглээнд нийлүүлэгдэхүйц бэлэн вакцин ирэх оны эхээр л бэлэн болох төлөвтэй, зарим нэг улс орны судалгааны хүрээлэнд бүтээж буй вакцин оны эцсээр бэлэн болно гэж мэдэгдэж байгаа боловч ДЭМБ болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх нь эргэлзээтэй бөгөөд улс орнуудад хүрэлцэхүйц вакциныг хэзээ үйлдвэрлэн гаргах талаар таамаглал эрт байна.
Өчигдөр Нью-Йоркийн хөрөнгийн биржийн нэгэн ахлах шинжээч вакцин бүтээх нь чухал боловч вакцин бүтээгдсэнээр олон улсын зах зээлд шууд эерэг өөрчлөлт авчрах, бүх зүйл нааштай болно гэж хүлээх хэрэггүй. Он дуустал хөрөнгийн зах зээлд дахин уналт үүсэх магадлалтай гэжээ.