Иорданийн Засгийн газраас ням гарагт авлигатай тэмцэх хууль эрхзүйн арга хэмжээг чангатгаж, татвар хураалт болон татвараас зайлсхийхээс сэргийлэх талаар илүү их хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдлээ.
2020 онд Шударга байдал, Авлигатай тэмцэх хорооны хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь Авлигатай тэмцэх хороонд болзошгүй гэмт хэргийг илүү өргөн цар хүрээтэй шалгахад бие даасан байдал болон эрх зүйн хувьд дэмжлэг үзүүлэх болно гэж Засгийн газраас хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.
Уг хуулийн гол нэмэлт өөрчлөлт нь Иорданийн Шударга байдал, Авлигатай тэмцэх хорооны Засгийн Газраас хараат бус, санхүүгийн болон засаг захиргааны хувьд бие даасан байдлыг илүү нэмэгдүүлж, тус хороонд саяхан батлагдсан Эдийн засгийн гэмт хэргийн тухай хуулийн дагуу авлигын хэргийг шүүж шийдвэрлэх эрх мэдлийг олгож байгаа явдал юм.
Парламентаар батлуулахаар өргөн барьсан уг хуулийн өөрчлөлтийн дагуу Шударга байдал, Авлигатай тэмцэх хороо нь мөнгө угаах, татвараас зайлсхийх, ашгаа нуун дарагдуулсан зохисгүй үйлдэл зэргийг бие даан мөрдөн шалгах эрхтэй болох бөгөөд мөнгө завшсан хувь хүн болон бүлгүүдийн хэргийг мөн бие даан шийдвэрлэх боломжтой болох юм.
Энэхүү нэмэлт өөрчлөлтүүд нь тус хороонд улс төрийн авлига түүний дотор хээл хахууль, зохисгүй бэлэг, хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг шалгахад чиглэсэн хууль эрхзүйн дэмжлэг арга замыг улам бүр нэмэгдүүлэх болно.
Хуулийн өөрчлөлтийн зарим хэсэг нь төрийн албан хаагч албан тушаалын байдлаа урвуулан ашиглах болон хувийн ашиг сонирхлын үүднээс бусдын эрх мэдлийг урвуулан ашиглах явдлыг илрүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэсэн.
"Нөлөөллийг урвуулан ашиглах гэдэг нь ажил, үйлчилгээ, гэрээ, хангамжийн тендер эсвэл аливаа шийдвэр, давуу талыг олж авахын тулд төрийн албан тушаалыг ашиглах явдал юм" гэж Иордан улсын Хэвлэл мэдээллийн сайд Амжад Адаилех хэлсэн юм.
Энэ нэмэлт өөрчлөлтийн дагуу Хороо нь албан тушаалтнууд, хувь хүмүүс болон бүлэглэлүүдийн өмч хөрөнгө, түүнд орсон гэнэтийн өөрчлөлт, эргэлзээтэй байдлаар ашиг олж байгаа эсэхийг хянах боломжийг олгоно.
Засгийн газраас татвар хураах үйлчилгээг өргөжүүлж, татвараас зайлсхийсэн хүмүүсийг илрүүлэх зорилгоор хяналт шалгалт хийж байгаа талаар мэдэгдэв. Сангийн сайд Мохаммед Аль Исисс шинэ төрлийн татварыг бий болгохгүй, дундаж орлоготой иргэдэд ногдох татварыг нэмэхгүйгээр төсвийн орлогыг нэмэгдүүлж, түүний алдагдлыг арилгах нь энэ нэмэлт өөрчлөлтийн гол зорилго хэмээжээ.
Орлогын албан татварыг 2019, 2020 онд удаа дараа нэмэгдүүлж, хувь хүний орлогын албан татварыг хөнгөлөлтгүй болгосны дараагаар Засгийн газар корпорацуудаас орлогын албан татвар хураах үйл ажиллагаанд анхаарлаа хандуулаад байна.
Иордан даяар 2018 онд хийгдсэн судалгаагаар дор хаяж 132 мянган компани татвараас зайлсхийх ямар нэгэн оролдлого хийдэг болохыг тогтоосон бөгөөд үүний хохирол нь нэг жилд 100-200 сая доллар ба түүнээс ч их байж болно хэмээн тооцоолж байна. Ковид 19 тахал эдийн засагт нөлөөлөхөөс өмнө Иордан улсын өр нь ДНБ-ий 96 хувьтай тэнцэх хэмжээтэй байсан ба 1.2 тэрбум долларын төсвийн алдагдалтай тулгарч, улсын зардлыг багасгахын төлөө тэмцэж байжээ.