1-р хэсэг
Аймгийн төвөөс зайдуухан нэгэн буйдхан суманд Сэмжид хэмээх эмгэн 20 гарч яваа Саруул хүүгийн хамт хоёулхнаа амьдардаг байв. Тэднийх өмч хөрөнгө гэх зүйлгүй тавилга гэх ч олигтой бүтэн юмгүй, нар сар гэрэлтсэн, шавар байшинд ядуу зүдрүү амьдралын бор хоногуудыг өлмөн зэлмэн өнгөрөөх нь хэвийн үзэгдэл болжээ. Саруул ядуу амьдралдаа гутарч ээждээ уурлан хаалга савж гарах нь нэг өглөө бүр болдог ердийн үзэгдлүүдийн нэг бөлгөө. Урьдын адил нэг өглөө Сэмжид хөгшинд уурлан “Тантай нэг гэрт амьдрахгүй” хэмээн баахан зовлон тоочсоор гарч одов. Сэмжид хөгшин араас нь “Би удахгүй дээ, чи минь л яаж энэ хорвоог туулна даа” хэмээгээд энгэртээ нааж, эрхлүүлж өсгөсөн ганц хүүгээ амин голоосоо хайрлах бөгөөд "Би л хүүгээ эрдэм номд шамдуулж анхаараагүйгээс болж ийм болгочихож" гэж өөрийгөө буруутгана. Нүдэндээ цэлийсэн нулимсаа шувтраад бугшин ханиалгасаар хажуу хөрш айлын Должин хөгшнийд орж аяга хар цай, хатсан бор боорцгоор ундаалаад өөрийн ажил нэртэй албандаа явахаар босох үед Должин:
-За хөгшин минь бие чинь муудаж. Одоо боль доо, чи минь. Алийн болгон биеэ бодохгүй явах вэ?. Залуу хүн биш дээ. Өдөржин эмнэлгийн орны даавуу, шал угаах чамд арай л ахдаж байна. Одоо энэ хүүгээ өөрийнхөө оронд нь оруул. 20 хүрсэн залууг эрхлүүлж, юу ч хийлгэхгүй харагдах юм. Хоёулаа л ядуу, зүдүү, зовлон жаргалаа хамтатгасан улс. Чамайгаа ингэж явсаар сөхөрчих вий л гэж санаа зовох боллоо шүү, хөгшин минь гэхэд Сэмжид хөгшин инээвхийлээд:
-Ганц хүүгээрээ яаж шал арчуулж суух вэ?. Чи мэднэ дээ, аав ээж минь эрт өнгөрцгөөсөн.
Ганц дүүтэй, тэр минь хаана явааг бурхан л мэдэх байх. Эрж хайсан боловч олдохгүйтэй нь эвлэрсэн. Насны сүүдэрт ганц хүүтэй болсон минь л буян заяа шүү, хөөрхий. Аав нь архинд дурласан хүн байсан ч хорхойд хоргүй амьтан даа. Хүүгээ дөрөв хүргээд “Аав аа” гэж хэлд оруулаад өнгөрсөн дөө. Одоо миний амьд явах ганц шалтгаан бол хүү минь шүү дээ?. Ямар ч байсан хүүгийнхээ үр хүүхдийг хараад нүдээ анина шүү, Должин минь гэхэд нулимс нь өөрийн эрхгүй бөмбөрөн урсах агаад нулимсаа арчин инээмсэглээд:
-За, за “Үг олдож үхэр холдлоо”. Чи минь эм тангаа цагт нь уугаарай даа. Чиний бие ч бас сайн харагдахгүй л байгаа шүү хэмээгээд хаалгаар гарч одов. Должин нүдээ нухлан нулимс унагаад “Хүн нээрээ жаргал даадаггүй ч, зовлон даадаг гэж үнэн үг юм даа” гээд толгой сэгсэрч өөрийн хамгийн дотно найзынхаа араас өрөвдөл, хайрын харц гүйлгэн нүднээс далд сүүмийтэл саравчилж зогслоо. Сэмжид хөгшин эмнэлгийн хаалгаар ороход их эмч Пунцаг гэж өргөн сахалтай хижээл эр дуудав. Өрөөнд ортол:
-Та чинь яасан сонин хүн бэ? Биеэ үзүүл гэхэд үзүүлдэггүй. Таны нүүр царай сүүлийн нэг сар их мууда. Бид таныг ажиллуулахгүй ээ. Та биеэ үзүүлвэл ажиллаж болно хэмээн зэмлэнгүй өгүүлэв. Сэмжид хөгшин биеэ үзүүлдэггүй нь үнэн бөгөөд тариа ч тариулахаас төвөгшөөдөг, бас эм уух бол бараг л дадаагүй зүйл билээ. Аргаа барсан эмч ингэж шийдэмгий айлгаж байж биеийг нь үзэхээр болсон бөгөөд үзэж дуусаад “Төв орж нарийн шинжилгээ өгнө өө, эгч минь. Та одоо харьж амар, цалинг чинь бид өгдгөөрөө өгнө санаа зоволтгүй, та” гэж хэлээд түүнийг эмнэлгээс явуулав. Пунцаг их нухацтай бодолд орон “ Нэг л биш байна даа ямар гүргэр эмгэн бэ? Ганц ч ёооё гэж дуугарсангүй шүү. Миний бодсон зөв бол тусгүй л юм болж байна даа” хэмээн бодоод, яаралтай түргэний машины жолоочийг дууд хэмээн хүн явуулав. Сэмжид эмгэн няравын өгсөн мөнгийг гартаа барин нүдэнд нь инээмсэглэл тодрон арай ядан алхаж явав. Инээсний учир болбоос хоёр сарын цалинг нь урьдчилж өгсөнд байлаа. Ингээд гэртээ идэх юм авчран хоол хийхээр шийдэв. Энэ удаа тор дүүрэн юм авчирсан бөгөөд аятайхан ширээ засахаар шийджээ. Үдээс хойш болоход Саруул тамхи сэнгэнүүлэн бохь зажилсаар орж ирэв. Сэмжид “Чи наад тамхиа болио. Би чамд хэлээ л байгаа шүү, хүү минь” гээд хацар дээр нь үнсэх гэхэд Саруул:
-За, би татаагүй ээ, та л хөгшрөөд хий юм үнэртдэг болоо юу. За болио, би ямар жаахан хүүхэд биш хошуугаа цорвойлгоод байдаг юм хэмээн цааргалдгаараа цааргалж ширээ рүү сая л нүдээ гүйлгэж хараад:
-Пөөх та чинь ямар гоё ширээ засаа вэ?. Өнөөдөр ямар ч баяр биш санагдах юм. Юу болоо вэ?. Өглөө миний хэлсэнд их юм бодож дээ хэмээн бодоод гэмшингүй харахад ээж нь
-Хэд хоног төв явах байх, хот ч орж магадгүй. Чамайг удаан орхиж явж үзээгүй болохоор санаа зовоод байх юм гэхэд Саруул:
-За зүгээр дээ санаа зоволтгүй. Ингэхэд ямар ажилтай явах гэж гэхэд Сэмжид ”Миний хүү Должин эгчийгээ дуудаад ир” гээд бууз жигнээд гаргах цаг болсныг хэлэв. Удалгүй Должин орж ирэн:
-Энэ хөгшин чинь өнөөдөр яасан өнгөтэй байх юм. Цагаан сараар өмсдөг ганц дээлээ өмсчихөж хэмээн инээгээд ширээ рүү ойртон:
-Пөөх гоё гоё юмнууд байх чинь вэ. Миний найз ч сайхан салат хийдэг шүү. Бүр амтыг нь мартах шахаж гээд жуумалзан таваг аван салатнаас хийв. Бууз ч гарч, гурвуулаа сайхан хооллоод байж байтал Сэмжид хүүгээ дэлгүүр рүү ундаад явуулав. Хүүг хашааны хаалгаар гарахыг хараад :
-За, Должин минь би хот хүрээ явахаар болж байх шиг байна. Бие барагтай байгаа нь үнэн. Надад чамаас өөр хүн байхгүй. Хүүг минь сайн харж ханддаг юм шүү гээд жижигхэн бор хайрцаг өгөн:
-Энэ аав, ээжээс минь үлдсэн ганц өмч минь. Намайг ирэхгүй бол хүүд минь өгөөрэй гэхэд Должин гайхшран:
-За, дэмий донгосоод бай. Билэггүй юм ярьдаг лүд вэ, чи. Эмнэлэг бараадах гэж байгаа чинь харин сайхан мэдээ байна. Наадхаа өөрөө өг. Ирэхгүй бол гэх шиг хэмээн уурлангүй хэлээд гарч явав. Тэрбээр гэр рүүгээ алхах зуур ямар нэг зүйл нууж байгааг гадарлаад ингэж ярьж байгаагүйд сэтгэл нэг л тавгүйрхээд явчихав. Удалгүй Саруул орж ирэн:
-Должин эгч орсон уу гэхэд Сэмжид:
-Миний хүү Должин эгчдээ тусалж байгаарай. Хүүхдүүд нь ирж харагдахгүй юм. Уг нь гурван хүүхэдтэй хүн юмсан. Залуугаараа ханиа алдаад их л зовлон үзсэн хүн шүү гэхэд Саруул:
-Би та хоёрын дунд цалингүй ажил хийдэг шүү дээ, угаасаа гээд инээмсэглэхэд Сэмжид нулимсаа арай ядан барьж байв.
Ингээд ээж хүү хоёр ороо засаад хэвтэцгээв.
Өглөө болж Саруул нүдээ нээхэд сүүтэй халуун цай самран зогсох ээж нь яг л хүүхэд ахуйд нь эрхлүүлж байсан дуугаар:
-Миний булхан Улаака цайгаа уу хэмээн өхөөрдөнө. Саруул ээжийнхээ энгийн бус байдлыг гайхан:
-- Ээж минь одоо яагаад ингээд нэг л сонин байна вэ? Багын муухай нэрээр байна байн дуудаад л гэхэд :
-Миний хүү чинь нээрээ том эр болжээ. Ээждээ бол нялхаараа л санагдах юм даа гээд хацар дээр нь үнсэхэд Саруул:
-За, ээж минь одоо болно оо. Надад санаа зоволтгүй ээ. Би гэр орноо сайн харна. Өөрөө ч хоол хийгээд идчихнэ гэхэд Сэмжид:
-Хоол гэснээс миний хүү найз охин найзалдаг эмэгтэй бий юү? гэхэд Саруул энэ үгэнд цочисхийн инээх аядаад:
-“Гахай явган нохой нүцгэн” хүнийг хүн тоох уу даа. За за олон юм асуугаад ядаргаатай гэдэг нь гээд гэрээс гарч нүүр гараа угаан зогсох зуур “Ээж хэзээ л авгай хүүхэн ярьж байлаа даа. Зөнөж байгаа юм биш байгаа. За байз хэдтэй билээ дээ” хэмээн бодонгоо “За үгүй байлгүй дээ. 85-тай урд хашааны Намжил эмгэн сав саруул байхад гэж бодоод инээмсэглэн гэртээ орж цай хоол идэнгээ:
-Ээж та чинь их мөнгөтэй болчихоо юу даа. Хаанаас олоов ээ ? гэхэд Сэмжид инээн:
-Эмнэлгээс надад хоёр сарын цалин урьдчилж өгсөн юм аа. Үүнийг хардаа гээд 30, 40 ширхэг 10 мянган төгрөг харуулав. Саруул баярлан “За би тоолж үзье” гэхэд ээж нь “Чи ав аа. Надад хэрэггүй гэхэд 10 мянган төгрөгнөөс дээш мөнгө барьж үзээгүй шахуу Саруул гайхан:
-За ээж та хүүгээрээ тоглоод л. Би ийм их мөнгөөр юу хийнэ гэж. Та хот хүрээ явах хүн аваад яв гэхэд ээж нь:
-Зүгээр, ав аа миний хүү гээд цайгаа оочлов. Саруул их мөнгө өгсөнд нь гайхах боловч удах юм байна даа гэж бодоод тоолон халаасандаа хийв.Төд удалгүй эмнэлгийн цагаан “Уаз 469” машин ирж зогсоод Пунцаг эмч шаламгайлан алхсаар орж ирэв. Тэрбээр
-За, эгч минь өнөөдөр явна даа, хоёулаа гээд “Өө, Саруул чи цуг явах юм уу” гэхэд Сэмжид:
-Үгүй дээ, хүү минь үлдэнэ. Тэгээд ч хотод байх газар үгүй гээд урьдаас бэлдсэн баадантай зүйлээ авч бурхандаа мөргөөд хүүгээ тэврэн баруун хацар дээр нь үнсээд зүүн хацар дээр нь үнсэх гэтэл Саруул “Эргэж ирээд үнсээрэй. Та намайг ийшээ тийшээ явахад ингэдэг биздээ” гэхэд Сэмжид хөгшин нулимсаа залгин, нүдээ нухлан уйлахгүй гэж ихэд хичээнэ.
Саруул ч халаасандаа их мөнгөтэй болсон тул ээжийнхээ үйлдлийг гайхсан ч нулимс дусалж байгааг анзаарсангүй. Машинд суухаас өмнө Должин хөгшин ирэв.
-Чи минь надад юу ч хэлэхгүй явах нь уу дээ гэхэд чихэнд нь “Байшингийн чинь хойно хураалттай банзан доор газар ухаад өнөөх бор хайрцгаа тавьсан байгаа шүү, мартав” гэхэд Должингийн царай хувьсхийн:
-Чи чинь юу яриад гэж үгээ дуусгаагүй байтал “За сайн сууцгааж байгаарай удахгүй уулзъя” гэх нь тэр. Пунцаг эмч Саруулын чихнээс атган:
-Гэрээ сайн харж байгаарай. Ээждээ санаа зоволтгүй, ах нь цуг явна гэв. Ингээд машинд суув. Машины цонхоор ээж нь юм хэлэх гээд хараад байгааг хүү мэдрэвч гараа даллан инээвхийлэн зам дээр хоцров. Машин ч давхисаар маргааш өглөө эрт хотод орж ирэв. Шууд эмнэлэгт очин биеэ үзүүлж эхлэв . Сэмжид хөгшин эмнэлэгт нарийн шинжилгээ өгөхөд хүнд шатны хорт хавдар ихэд газар авч, бүр архагшаад амь насанд ч хүрч мэдэхээр болсныг тогтоожээ. Пунцаг эмч түүний өрөөнд ороод шүүрс алдан хэсэг сууснаа:
-Сэмжид эгч ээ, намайг уучлаарай гээд цурхиран уйлав. Эмгэн тэрхэн зуур толгойгоо өндийлгөөд:
-Би мэднээ Пунцаг минь. Чи буруугүй ээ. Надад харамсах юм алга. Ганц муу хүүдээ л санаа зовох юм даа гэхэд Пунцаг эмч өндийн босч ирээд:
-Та чинь яагаад хэлэхгүй өдий хүртэл нууж явсан юм бэ?. Тэгж их өвдөж байж та яаж байгаа юм бэ хэмээн хөмсөг зангидан, эрхгүй гарах нулимсаа бөмбөрүүлэн хэлэв. Төд удалгүй эмч орж ирээд:
--- Яаралтай хагалгаанд орно. Та юуны өмнө сэтгэл санаагаа тайван байлга гэхэд Сэмжид цагаан халаадтай залуу хүүд хандан:
-Одоо тэр хагалгааг чинь би давж гарах нь юу л бол. Чи ч мэдэж байгаа хэмээн хөгшин зөрүүдэлдэг зангаараа “Үгүй” хэмээн зүтгэв. Аргаа барсан Пунцаг:
-Танд хагалгаа хийхгүй байж болох ч эм тан уух хэрэгтэй шүү дээ гээд эмчийн бичсэн жорыг үзүүлэв. Эмгэн:
-Пээ, наад эм тариа чинь ямар үнэтэй билээ дээ. Хөгшин би дийлэхгүй хүү минь. Амар тайван нутагтаа очих минь гээд эрс татгалзав. Пунцаг:
-Танаас бид мөнгө авахгүй ээ. Одоо чинь бас хандив зарладаг болсон. Танд Монголын ард түмэн тусалж л таараа хэмээгээд “Бид ямар ч байсан тантай 20 гаруй жил хамт ажилласан хамт олон чинь. Хагалгааны зардал босгож л таараа. Та тайван эмчилгээгээ хийлгэ. Би маргааш явна” гээд гарч явав. Пунцаг хаалгаар гараад нулимсаа барьж дийлэхгүй сул асган “Даанч дээ та яагаад” хэмээн уйлж хэсэг суугаад утсаа шүүрэн авч болсон явдлыг бага эмчдээ нэг нэгэнгүй ярьж нэг юм сэтгэл нь онгойгоод хандивын ажилдаа оров. Гэвч нэгэнт оройтжээ. Сэмжид хөгшин тэр шөнөө нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулан хорвоогоос хальжээ.
Маргааш өглөө Пунцаг эмнэлэг дээр ирээд шоконд орон, итгэж ядан байтал шинжилгээний хариуг эмч авчирч Пунцагт үзүүлэн:
-Бүх биеэр нь тараад дэндүү уджээ. Аврах найдвар ч алга байж. Харин ийм удаан яаж тэсч тэвчсэнийг нь гайхаж байна гэхэд Пунцаг шинжилгээний хариуг зэрвэсхэн харангаа яаж хүүд нь хэлэх билээ хэмээн бодохоос нулимс нь хоёр нүднийх нь аягыг дүүрээд ирэв. Тэр даруй тосгоны зүг машинаа хөдөлгөн талийгаачийн хүссэн ёсоор цогцсыг нь эмнэлгийн урт тэргэнд урт хайрцаганд хийн нутгийн зүг рүү гарч одов. Замдаа эх хүний үрээ гэсэн хайр ямар агуу болохыг бодон нулимс цэлийсээр бодол болон явав .
Оройдоо тосгондоо ирэхэд эмнэлгээр дүүрэн уйлж хайлсан улс тосон авав. Пунцагийг бага эмч Ерөөлт гэх залуу тэврэн авч “За ах минь таны буруу биш, битгий уйл” хэмээн аргадна. Эмнэлгийн бүх ажилчид цугларчээ. Энэ бүхэн нь Сэмжид хөгшин ядуу боловч хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй, өвдлөө гэж нэг ч үг ган хийдэггүй эмнэлгийн бүх сувилагч хүүхдүүдэд ээж шиг нь л дотно тийм сайхан хүн байсны гэрч болой. Бүгд ярилцаад эхлээд Должин эмгэнд хэлье хүүд нь хэлж чадах хүн тэр эмгэн л байна гээд эмгэний гадаа Пунцаг, Ерөөлт хоёр ирэн хаалга тогшино. Должин эмгэн хаалга онгойлгон царай нь хувьсхийн нулимс нь дуслав. Ирсэн хоёр гайхан та чинь яаж байнаа гэхэд үг дуугүй гэрт ороод хоймортоо очин хүрд эргүүлэн маань уншив. Ардаас нь орж ирсэн хоёр үг дуугүй суув. Должин:
-За хүүхдүүд минь миний найз зовоогүй биз дээ, хөөрхий. Надад үлдээсэн зүйлийг нь тэсэлгүй нээгээд үзчихсэн юм. Мэдэж байжээ хөөрхий минь. Би маргааш Саруулыг аваад ардаас нь явах гэж байлаа. Саруулд хэлэх гээд би ч зориг хүрэхгүй юм. Энэ муу жаахан нялхаараа амьтан яах билээ дээ хэмээн хоолой зангируулан хэлэхэд Пунцаг:
-Би оръё доо эгч минь гээд хаалгаар гарч одов.Ерөөлт эмгэнээс “Та ямар нэг юм анзаардаг байсан уу” гэхэд “Цаадах чинь угийн хэрсүү хүн. Баргийн мэдэгдэхгүй, даралттай болж байна гэхээс амнаасаа үг унагах биш дээ” гээд цурхиран уйлна. Шавар байшинд Пунцаг орж ирэхэд Саруул гайхан:
-Өө та чинь ямар хурдан ирэв. Ээж орж ирж байна уу. Намайг дуудахгүй гээд гарах гэтэл Пунцаг “Дүү минь суу. Ээж чинь” гээд уйлахад Саруул” Юу та чинь яагаад байна аа. Ээж яасан” гэж гэхэд “Хотод очоод өнгөрчихлөө. Өвчнөө даасангүй ээ, дүү минь” гэж ээрч мууран хэлэхэд Саруул газарт унан ухаан алдав. Пунцаг орон дээр хэвтүүлэхэд Саруул хашгиран босохтой зэрэгцэн Ерөөлт орж ирэн хүүг чанга тэврэн орон дээр суулган нулимсыг нь арчин хоолой зангируулан “Миний дүү хашгирч болдоггүй юм, тайвшир. Бидэнд ч хэцүү байна” хэмээн аргадна. Тэр шөнө ер бусын урт шөнө байсан бөгөөд гашуудлын нулимс Должин эмгэн, ганц хүү Саруул, их эмч Пунцагийн нүднээс үүр цайтал урссаар байжээ.
Пунцагийн хувьд ингэж уйлах шалтгаан бий. Түүнийг эхнэр нь хаяж, гурван настай Номин охинтойгоо үлдэхэд Сэмжид хөгшин цай хоол дөхүүлж “Эмнэлэгийн хүн чинь чанга хатуу байх ёстой. Чи хар ус их үнэртүүлдэг болжээ. Өөрөө ч яахав. Охин үрээ бодмоор юм даа” хэмээн загнан “Чамайг ажилгүй болчихвол энэ муу охин л зовно шүү, чи биш. Ажилтай үедээ охиноо надаар харуулж бай хүү минь. Чи харин наад архи дарсаа боль” хэмээн загнахад өнчин өрөөсөн өссөн Пунцагт ээжийн үг шиг зүрхэнд нь туссан бөгөөд тэр цагаас архи дарс уухаа больж шилдэг ажилтан болж улмаар өсч дэвшин их эмч болсон билээ.
Өглөө болж Пунцаг, Ерөөлт хоёр хүүг аргадан “Ёс жаягаа дагана шүү. Ээжийгээ хараад хашгирч болдоггүй юм. Тайван явуулах хэрэгтэй. Зон олон чамд тусална аа хүү минь. Ээж чинь их сайн хүн, ухаантай ч хүн байсан. Миний дүү тайван ухаалаг байна шүү” гэж хэлээд эмнэлгийн зүг алхацгаав. Саруул ч ухаан сөхөөгүй нулимс мэлмэрүүлэн алхах бөгөөд ээж нь эмнэлэгт шалаа зүлгэн “Миний хүү харьж бай, ээж нь удахгүй очно” гэх үг нь чихэнд сонсогдож, нүдэнд харагдана. Эмнэлгийн цогцос хадгалах өрөөнд цагаан даавуугаар хучаастай ээжийгээ хэвтэж буйг хараад бас л ухаан алдан унажээ. Пунцаг, Ерөөлт хоёр түшин авч өрөөнөөс гаргах үед сая сэхээ авч цурхиран уйлан газар суув. Ингээд маргааш нь ажил явдал болж нутгийн буурал толгод дэрлүүлэн энгэрт нь хөдөөлүүлж, шавар байшинд багтахгүй хөлтэй нэгэн гашуудалт өдөр өнгөрч, үүнээс хойш нэжгээд өдөр тосгоноороо түүнийг дурсан ярих бөгөөд бүгд Саруулын толгойг илж “Миний хүү мундаг хүний үр юм шүү” гэж хэлэхүйд Саруулын нүдэнд нулимс аяндаа бүрхэх үед харин хүнд нулимсаа үзүүлэхгүй юм шүү хэмээн дотроо хатуу бодон зогсоно.
Улс амьтан ч явж ажил явдал дуусан Должин хөгшин л үлдэв. Тэрбээр Саруулд хандан “49 хоног дуусахаар хоёулаа хот хүрээ зорино оо хө. Эгчийх нь бага охин саяхан нярайлсан. Зээгээ харж сууна. Чамайга зовлон нэгтэй улс. Ээж чинь захиж хэлсэн болохоор миний хүү одоо эгчийнхээ хажууд байна шүү” хэмээгээд толгойг нь үнэрлээд гарч одов. Энэ өдрөөс хойш Саруул гэрээсээ огт гарсангүй түүнтэй найзалдаг Багахүү, Нараа гэх үеийн хоёр залуу ирэх боловч уурласаар хөөж явуулдаг муухай ааштай нэгэн болж харин Должин эмгэн орж цай хоол дөхүүлэхэд л бага зэрэг инээвхийлдэг байв, арга ч үгүй биз. Багаасаа орон гэрээр нь орж гарч загнуулж зандруулж өссөн тул төрсөн эхээ санасан түүнд дотно санагдах нь мэдээж. Өдөр хоног өнгөрсөөр 49 хоног хурааж дуусаад Должин эмгэн Саруулыг хажуудаа суулган авдарнаасаа жижиг, бор хайрцаг гарган ирэв. Саруул гайхан харж байснаа ээжийн хайрцаг мөн үү хэмээн сая ам нээхэд Должин “Мөн байлгүй яах вэ, хүү минь. Одоо чинийх, “Чамд өгөөрэй” гэж ээж чинь захисан юм. Миний хүү гэртээ ороод нээж үзээрэй” гэв Саруул “За” гээд авч гарав.
Хард овогт Ц.Билгүүн
Үргэлжлэл нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Сэтгэгдэл (29)