Хятадын Alibaba групп нь өөрийн салбар болох Alibaba Cloud Intelligence-д бизнесийн дижитал хувьслыг хурдасгахын тулд ойрын гурван жилд үүлэн тооцооллын дэд бүтцэд 200 тэрбум юань (28.2 тэрбум доллар)-ий хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Шинэ үеийн дата төвүүдэд хийх хөрөнгө оруулалт нь үйлдлийн систем, сервер, чип, сүлжээ зэргийг сайжруулахад чиглэнэ гэж тус компаний даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.
“Ковид-19 тахал нь бүх салбарын эдийн засагт хямрал үүсгэж байгаа ба дижитал эдийн засагт илүү их анхаарлаа төвлөрүүлэхийг шаардаж байна. Үүлэн тооцооллын дэд бүтэц болон суурь технологид оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр бүхий л бизнесийн үйл ажиллагааг сэргээн босгоход туслах дэлхийн хэмжээний, найдвартай системийг бий болгоно гэж найдаж байна." гэж Alibaba Cloud Intelligence-ийн ерөнхийлөгч Jeff Zhang хэлэв.Коронавирусын дэгдэлт нь эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын систем, гэрээсээ ажиллах боломж зэрэг олон дижитал технологийг хурдасгаж чадсан.
Alibaba Cloud, Tencent Cloud болон Baidu Cloud зэрэг Хятадын үүлэн тооцооллын компаниуд цар тахлын үеэр халдварын тархалтыг хянах, бууруулахад туслах зорилгоор төрийн болон хувийн хэвшил, судалгааны байгууллагууд, оюутан сурагчдад дэмжлэг үзүүлэн өөрсдийн үүлэн систем, хиймэл оюун (AI) бүхий платформын үйлчилгээг ашиглах боломжийг олгож байна.Alibaba Cloud нь коронавирусыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор ДНК-ийн дараалал болон томограф зурганд анализ хийх зэрэг чадвартай хиймэл оюун бүхий платформыг судалгааны байгууллагуудад үнэ төлбөргүй ашиглуулж байна.
Tencent Cloud нь өөрийн платформыг тус улсын бүх их дээд сургуулийн судалгааны багуудад ашиглах боломж олгосон ба Tencent meeting, WeChat Work, QQ, Tencent Doc зэрэг гэрээсээ ажиллах боломжоор хангах оффисын багц аппликейшнийг гаргажээ.Baidu AI Cloud нь онлайнаар эмчийн зөвлөгөө авах Wenyisheng /Эмчээс асуу/ платформыг үнэ төлбөргүй болгосноор тус систем рүү өдөрт 850,000 удаагийн хандалт хийгдсэн байна.
Canalys судалгааны байгууллагын 3-р сарын тайланд дурдсанаар 2019 онд Хятад дахь үүлэн дэд бүтцийн үйлчилгээний борлуулалт 63.7 хувиар нэмэгдэж 10.7 тэрбум доллараас давсан ба 2020 онд байгууллагууд илүү олон программыг үүлэн тооцоолол руу шилжүүлэх төлөвтэй байгаа бөгөөд Хятад улсын хэмжээнд Alibaba Cloud зах зээлийн 46.1 хувийг эзэлж тэргүүн байранд байгаа бол Tencent Cloud, Amazon Web Services, Baidu AI Cloud зэрэг компаниуд удаалж байгааг тэмдэглэжээ."Коронавирусын хямралын үед үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үүлэн тооцооллын давуу талыг харуулж чадлаа. Тэд байгууллагуудын түргэн шуурхай, тасралтгүй ажиллагааг хангаж, асар их мэдээлэлд дүн шинжилгээ хийх ажлыг хөнгөвчилсөн." гэж Canalys компанийн ахлах шинжээч хэлсэн байна.