Дэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
Хүн үүсэн буй болсон цагаасаа эхлэн өнөөг хүртэл бие биенийгээ, өөр өөрийгөө мөн түүх соёл, өв уламжлалаа цаг хугацааны аясаар устган үгүй хийсээр... Иймийн учир уламжлалт ахуй, өв соёл, зан үйлийг судалж, орчин үеийн хэллэгт хөрвүүлэн нийгмийн оюун санаа, хүний мөн чанарт ойлгуулах нь энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго юм. Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөн нь 2013 оноос эхлэн цуврал үзэсгэлэнгээ гаргасаар ирсэн ба одоогоор нийт 15 цуврал үзэсгэлэн гаргасан байна. Үүнээс эхний 15 цуврал үзэсгэлэн нь номоор бол I-р бүлэг байсан бөгөөд энэ удаагийн 16 дахь үзэсгэлэн буюу II-р бүлэг нь Parallel /Зэргэлдээ/ юм. Энэхүү үзэсгэлэнд уран бүтээлч Б.Бат-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваажаргал, Д.Дорждэрэм, С.Ганзүг, Ж.Гантулга нарын 6 уран бүтээлч гэрэл зураг, хөгжим, өрөг урлаг, баримал, видео арт, үйлдлийн урлагийн төрлүүдээр уран бүтээлээ дэглэн үзэгчдийн хүртээл болгож байна. Уг үзэсгэлэнг 2020 оны 2 сарын 22-ны өдөр дэглэж эхэлсэн бөгөөд энэ нь магад номын II-р бүлгийн эхлэл мэт. Энэ цагт Хүн Байгалийн харилцаа, Хайр Эрх Чөлөөний ойлголтыг хүн төрөлхтөн дахин нэг эргэн харах үе тохиож буйтай эн зэрэгцэн “Параллель” үзэсгэлэн чухам цагаа олжээ.
Параллель гэдэг хавтгайн энэ ойлголт нь хэзээ ч огтлолцохгүй, гэсэн хэдий ч огторгуйд огтлолцдог зүйл юм. Дэлхий нийтээр хориг тогтоосон энэ цагт уран бүтээлчид, бүтээлч сэтгэлгээ хэзээ ч зогсох ёсгүй бөгөөд хаалттай галерейн орон зайд хамгаалалтын хувцастай өөрсдийн бүтээлийг үргэлжлүүлж буй нь урьдаас төлөвлөгдөж, зориудаар бэлтгэгдсэн мэт, нөгөөтэйгүүр Параллель ертөнцөөс бидэнд илгээсэн дохио байж ч болох юм. Угтаа тэдний үзэсгэлэн бүр ямар нэгэн зүйлийн утга тайлал, дохио тэмдэг байдаг.
Урлаг бол хүний оршихуйд нэвтрэн орсон дохио тэмдэгийн болзолт вирус юм...
Урлаг судлаач Б.Учрал
Сэтгэгдэл (1)