Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 6-р сарын 4-нд Дэлхийн Вакцины Чуулганыг даргалан дэлхийн удирдагчдийг нэг дор виртуаль орчинд цуглуулан ‘’Гави’’ Вакцины Холбоонд хөрөнгө босгоно. Тус хөрөнгөөр 300 сая хүүхдийг вакцинжуулан улаан бурхан, хижиг, саа зэрэг халдварт өвчнөөс хамгаална. Дэлхийн Вакцины Чуулганаар дор хаяж 7.4 тэрбум ам.долларыг ‘’Гави’’ Вакцины Холбоонд зориулан босгож ирэх таван жилд 8 сая хүний амийг аврах боломжтой юм. Тус чуулганыг зохион байгуулж буй орны хувьд Их Британи улс урьдчилан сэргийлж болох өвчнөөр нас баралтыг бууруулах, коронавирусын халдвар, тархацыг багасгах зэрэг асуудал дээр тэргүүлэн ажиллаж байна. Дэлхий дахины коронавирусын эсрэг санаачилгад зориулан Британи улс бусад орнуудтай хамтран 7.4 тэрбум еврог коронавирусын тест, эмчилгээ болон вирустэй тэмцэх ажилд зориулан босгосон.
Халдварт өвчний тархац нь хил хязгааргүй бөгөөд коронавирусын дэлхийн улс орнуудад үзүүлэх нөлөөг багасгах болон дахин ийм төрлийн халдвар гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс бид хамтран ажиллаж харилцан уялдаа холбоо бүхий хариу арга хэмжээтэй болох хэрэгтэй байна. Коронавирусын вакцин гарсан тохиолдолд их хэмжээгээр үйлдвэрлэн бүх оронд тэр дундаа нэн шаардлагатай байгаа иргэдэд хүргэх ёстой. Вакцин амжилттай гарган авахад засгийн газар, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн байгууллагууд гээд бүгд хамтран зүтгэх хэрэгтэй болж байна.
Британийн Засгийн газраас Оксфордын их сургууль болон Империал Коллежид 130 сая фунт стерлингийн тусламж үзүүлсэн бөгөөд тус сургуулиудын коррнавируст хийж буй судалгаанд ахиц гаран клиникийн туршилтууд эхлээд байна. Оксфордын их сургуулийн клиникийн туршилт нь амжилттай болон вакцин гарган авбал эхний ээлжинд 100 сая доз вакциныг үйлдвэрлэн гаргах хамтын ажиллагааны гэрээг AstraZeneca компанитай хийсэн.
Вирус,цар тахалыг зогсоож олон сая хүний амь нас аврах ‘’Гави’’ Вакцины Холбооны ирэх таван жилийн төлөвлөгөөнд бүх улсын засгийн газрууд хувь нэмрээ оруулахыг Британийн засгийн газраас уриалж байна.