Энэ сарын 27-нд Унгар улсын Засгийн газар коронавирусээс хамгаалах зорилгоор баталсан хуулийг хүчингүй болгох ингэсэнээр Засгийн газарт олгогдсон онцгой эрхийг дуусгавар болгох, онц байдлыг цуцлах хуулийг парламентад өргөн барьжээ. Уг хуулийг батлахад парламентын гуравны хоёр нь дэмжих шаардлагатай бөгөөд ойролцоогоор хоёр долоо хоногийн дотор парламент батлахаар байна.
Хууль батлагдсанаар онц байдал цуцлагдаж, хэвийн амьдралд шилжих ч зарим арга хэмжээнүүд хэвээр үлдэх юм байна. Тухайлбал, шуурхай комиссын үйл ажиллагаа үргэлжилж, эмнэлгүүдэд тогтоосон армийн удирдлага хэвээрээ үлдэх аж. Энэхүү хуулийг өргөн барьсанаар “Унгар улсад Орбаны диктатур тогтлоо, ардчилал нуран уналаа” гэх зэргээр шүүмжилж байсан гадаад дотоодын улс төрийн хүчнүүдэд няцаалт өглөө. Засгийн газар коронавирусийг амжилттай даван тууллаа хэмээн Засгийн газар, эрх баригч ФИДЕС нам мэдэгдэж байна.
Улс даяар зарласан автомашины зогсоолыг үнэгүй ашиглах арга хэмжээ 6 сарын 1-ныг дуустал үргэлжлэх юм байна. Энэ баасан гарагийн 24 цагаас Будапешт хотод бусад хотуудын адил ресторан, зоогийн газрууд хэвийн ажиллаж эхлэнэ. Зочид буудлууд ч хэвийн ажиллаж эхлэх болтой. Эдгээр газруудад бүх хүмүүс хоорондын зай барих ёстой ба үйлчилгээний ажилтнууд амны хаалт зүүх үүрэгтэй.
Өнөөдрийн байдлаар Унгар улсад коронавирусын халдвар шинээр авсан хүний тоо 22-оор нэмэгдэж, актив халдвартай хүний тоо 1432 болжээ. Харамсалтай нь зургаан хүн нас барж нийт нас барагсдын тоо 505 болсон ба 430 хүн эмнэлэгт эмчлүүлж, 25 хүн амьсгалын аппаратанд байна. Тоонуудыг харахад халдвар аажим ч гэсэн тогтмол буурч байгаа нь тодорхой байгаа ч халдвар газар сайгүй байсаар байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.