Япон Улсын Засгийн газраас Засаг захиргааны тусгай нэгжээр зарлаад буй Токио, Осака хот тэргүүтэй нийт найман хот, муж дахь онц байдлын дэглэмийг хугацаанаас нь өмнө цуцлах эсэхийг мэргэжилтнүүдийн зөвлөмжид үндэслэн 21-ний өдөр шийдвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд 100000 хүн тутамд ногдох шинэ халдварын тохиолдол 0.5 хувиас бага байхыг шаардлага болгож, эмнэлгийн орны хүрэлцээ, хүнд өвчтнүүдийн тоо, Токио, Осака хотууд дахь халдварын тархалтын нөхцөл байдал зэргийг харгалзах бололтой.
Токио хотноо 17-ны өдөр халдварын шинэ таван тохиолдол илэрч, хоёр хоног дараалан 10, 15 хоног дараалан 100, 12 хоног дараалан 50-иас доош үзүүлэлт гарав. Осака хотын хэмжээнд 17-ны өдөр шинээр халдвар авсан тохиолдол илрээгүй байна.
Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголтын асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Токио хотын захирагч Ю.Коикэ нарын зүгээс “Анхаарал сэрэмжээ сулруулах аваас халдварын ээлжит давалгаа нөмрөх нь дамжиггүй” хэмээн анхааруулж, хөл хөдөлгөөнөө хязгаарлаж, халдвар тархахаас сэргийлэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллахыг олон нийтэд уриалаад байна.
Токио хотын захиргааны зүгээс “COVID-19”-ийн эсрэг вакцин гарах хүртэл хотын үйл ажиллагааг шат дараатай сэргээх зэргээр халдварын ээлжит тархалтаас сэргийлэх төлөвлөгөөг 19-ний өдөр олон нийтэд танилцуулахаа мэдэгдээд байна. Тухайлбал, нэг хоног тутамд шинээр илрэх халдварын тохиолдол 20-иос хэтрэхгүй байх, халдварын талаас дээш хувийн эх сурвалж тодорхой байх зэргийг шалгуур болгох аж. Түүнчлэн Токио хотыг гурван үе шаттайгаар “нээх” бөгөөд нэн тэргүүнд музей, номын сан болон соёл, урлагийн бусад байгууламж улмаар өмнө нь халдварын “cluster” гараагүй зоогийн газрууд, гурав дахь үе шатанд “өндөр эрсдэлтэй”-гээс бусад байгууламжийн хэвийн үйл ажиллагааг сэргээх аж.