Унгар улсын Ерөнхий сайд Орбан Виктор энэ сарын 29-нд мэдээлэл хийснийг тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд З.Батбаяр орчуулан хүргэсэн байна.
Уг мэдээлэлд "Унгар улсын эрүүл мэндийн систем вирусын эсрэг тэмцэлд бэлэн байдлаа хангаж чадлаа. Ийм учраас хамгаалалтын шинэ шатанд шилжиж байна.
Унгар улсад илрээд буй халдварын тохиолдлуудын дийлэнх нь Будапештэд байгаа учраас тус хот болон хотын орчин тойронд хязгаарлалтын арга хэмжээ хэвээр үлдэж, бусад хот суурин газруудад гэрээс гарахгүй байх хязгаарлалтыг зогсоож байна. Дэлгүүрүүд хэвийн цагийн хуваарьт шилжиж, ирэх даваа гарагаас кафе, террас, наран шарлагын газрууд ажиллаж эхлэхээр боллоо.
Гэхдээ нийтийн тээвэр болон олон нийтийн газарт амны хаалт буюу маск заавал зүүх журам тогтоож байна.
Ийнхүү аажим аажмаар Унгар улс хэвийн байдалд шилжих, эдийн засгаа сэргээх, хямралаас сэргийлэх ажилдаа шилжиж эхэллээ" гэжээ. Тэгвэл Элчин сайд З.Батбаяр тус улсад оршин суугаа монголчууддаа хандан "Будапешт хотод буй монгол иргэд минь хязгаарлалтын арга хэмжээ дахин хоёр долоо хоног хэвээр үлдэж байгааг анхаараарай. 49 хоногийн турш та бүхэн өөрсдийгөө хамгаалж чадлаа. Одоо дахиад жаахан тэсэхэд л энэ хүнд үеийг даван гарах боломжтой болох нь ээ. Анхаарлаа огт сулруулахгүй, гэрээс гарахгүй байгаарай. Будапештээс бусад хот, суурин газруудад буй иргэд маань ч хязгаарлалт байхгүй боллоо гэж тайвшралгүй, хамгаалалт урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн авч, анхаарал болгоомжтой байгаарай.
Гадагшаа гарсан тохиолдолд хүн хоорондын зайг (1,5 метр) тогтмол барьж, амны хаалт, бээлий, малгай хэрэглэх хэрэгтэй шүү. Бидний тэвчээр үр дүнд хүрэхэд ойртож байна. Тун удахгүй Унгар улс хэвийн байдалд шилжих байхаа.
Эх нутгийн минь уул ус, Мөнх хөх тэнгэр Та бүгдийг ивээх болтугай" гэжээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (3)