Монголын рок хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан “The Hu” хамтлаг хоёрдугаар сарын 27-нд Ази тивийн аялан тоглолтоо эхлүүлэхээр эх орноосоо мордсон. Тэд энэ удаагийн аялан тоглолтоороо Малайз, Индонез, Япон, Австрали, Шинэ Зеланд, Аргентин, Бразиль, Чили улсуудад хөгжмийн наадмуудад оролцож, бие даасан тоглолт хийхээр төлөвлөөд байсан юм. Хөтөлбөрийн дагуу Австрали улсад аялан тоглолтоо улсад хийх үеэрээ шинэ төрлийн коронавирусний хөл хорионд ороод хоёр сар гаруй болж байна. Тухайн үед “The Hu” хамтлагийнхан нутаг буцах гэсэн боловч Монгол Улс гуравдугаар сарын 28-нийг хүртэл бүх гадаад нислэгээ зогсоосон байжээ. Тэд мөнгөө хэмнэх үүднээс Сидней хотын ойролцоох “Airbnb” сүлжээний хямд байранд байрлаж байгаагаа “Billboard” сайтад өгсөн ярилцлагадаа ярьжээ.
Хамтлагийн продюсер Турк улсад саатаад байсан ч Монгол Улсын Засгийн газрын илгээсэн тусгай үүргийн нисэх онгоцоор нутаг буцаж чадсан. Хамтлагийн залуус одоогоор Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай холбоо барьж, тусгай үүргийн онгоцоор эх орондоо очих хүсэлтээ өгсөн гэнэ.
Тэгвэл энэ талаар тус хамтлагын үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог "Төр засгаасаа нэг гуйх гуйлт байна. Ирэх тусгай зориулалтын онгоцонд "The Hu" хамтлагыг багтааж өгөөч. Дэлхийн рок попын түүх судалж байхад аливаа нэг хамтлагийн амжилт хоёр дахь цомогоос их зүйл шалтгаалдаг. Иймд тус хамтлага эх орондоо яаралтай ирж ажилдаа орох хэрэгтэй байна. Тус хамтлаг Монголын эдийн засагт маш их хувь нэмэр болно гэдэгт би итгэдэг" хэмээжээ.
Сэтгэгдэл (61)