Герман улсын BioNTech компанийн бүтээсэн вакциныг хүн дээр турших зөвшөөрлийг тус улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд өгчээ.
Туршилтад халдвар аваагүй, сайн дурын 200 хүн оролцох юм байна. Их Британи мөн шинэ вакцины туршилт энэ долоо хоногт эхэлж, сайн дурын 510 хүн дээр туршилтыг эхлүүлэхээр болсон гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мэт Хэнкок мэдэгджээ.
Хүйтэн дайны үед улс орнууд хүчтэй зэвсэг бүтээхийн төлөө уйгагүй, хөрөнгө үл хайрлан өрсөлдөж байсан бол одоо өндөр хөгжилтэй, шинжлэх ухаан хөгжсөн орнууд, эмийн үйлдвэрлэлийн компаниуд вакцин үйлдвэрлэлийн төлөө асар их хөрөнгө зарцуулан өрсөлдөж байна.
ОХУ-ын хувьд вакцины туршилт, шалгалтын талаарх мөрдөгдөж байгаа дүрэм журмаа хялбаршуулан ирэх зургадугаар сараас хүн дээр туршилт хийж эхлэх зорилттой байгааг мэдээлсэн юм. Өнөөгийн байдлаар АНУ, Хятад, Герман, Их Британи, Япон, Австрали, Хонгконг зэрэг улс орнуудад нийт 19 нэр төрлийн вакцин бүтээх шатандаа явж байгаа юм байна.