Пакистан улсын Исламабадын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга (гүйцэтгэх ажиллагаа хариуцсан) Вакар Уддин Сэйд нь авлигын хэргээр цагдаагийн найман албан хаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн” гэж мэдэгдэл хийсэн байна.
Тэрбээр цагдаагийн нэг удирдах албан тушаалтан, нэг ажилтан, зургаан дэд байцаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэжээ.
Тэдгээр цагдаа нарын авлигын талаарх гомдлыг хүлээн авсан бөгөөд нарийвчлан шалгуулахаар холбогдох цагдаагийн дарга нарт нь хүргүүлсэн байна.
Цагдаагийн дарга нар гомдол шалгасан тухай тайланг 48 цагийн дотор гаргах ёстой бөгөөд тайланд үндэслэн тэдний эсрэг дараагийн арга хэмжээг авах юм.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Вакар Уддин Сэйд хэлэхдээ авлигын хэрэг нь улс оронд ноцтой хохирол учруулж, доройтуулж байдаг учраас Исламабадын цагдаагийн ерөнхий газар нь авлигын эсрэг хатуу чанд бодлогыг баримталдаг гэсэн юм.
Цагдаагийн дарга буюу Цагдаагийн ерөнхий байцаагч Мухаммед Амир Зульфикарын зааврын дагуу Исламабадын цагдаагийн газраас албан хаагчдынхаа ажлын гүйцэтгэлд хяналтын систем нэвтрүүлсэн бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан, хайхрамжгүй байдал гаргасан, мөрдөн байцаалтын ажиллагаа муу хийсэн, ажлаа тасалсан, авлигын хэрэгт холбогдсон албан хаагчдад сахилгын арга хэмжээ авч байгаа юм.
Цагдаагийн ерөнхий байцаагчийн орлогч хэлэхдээ хариуцлагын тогтолцоо нь аль ч хэлтсийн үйл ажиллагааг сайжруулахад туслах бөгөөд ажилчдынхаа ажлыг үнэлэхэд хялбар байдаг гэжээ. Энэ хариуцлагын тогтолцоо нь цаашид ч үргэлжлэх бөгөөд сайн ажиллаж байгаа ажилчдаа урамшуулах болно гэжээ.