Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальон НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNIMISS” ажиллагаанд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байх үеэрээ зэвсэгт халдлагы таслан зогсоожээ. Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр Бэнтью хот дахь НҮБ-ын баазын шалган нэвтрүүлэх цэгийн гадна зэвсэглэcэн орон нутгийн долоон иргэн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ажилтныг барьцаалах оролдлого хийжээ. Уг зэвсэгт халдлагыг манай цэргийн алба хаагчид таслан зогсоож, эмч нарын амь нас, аюулгүй байдлыг бүрэн хангасан байна.
Халдлага болох үеэр ахлах ахлагч Н.Пунцаг тасгийн захирагчтай “Зүчи” эргүүлийн бүлэг үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд зэвсэглэсэн иргэд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтныг хүч хэрэглэн авч явах гэсэн үйлдлийг таслан зогсоож, саатуулсан тухайгаа ажиллагааны удирдлагын төвд илтгэсэн байна.
Энэ дагуу ажиллагааны төлөвлөлтийн офицер ахмад Б.Цээноровоор ахлуулсан ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Д.Нямдаваа, А.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг тухайн газарт очиж, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг оролдсон байна. Гэвч зэвсэгт этгээдүүд 7.62 мм-ийн АКМ загварын буу тулган сүрдүүлэн заналхийлж, хүмүүнлэгийн эмч, ажилтныг хүч хэрэглэн авч явах оролдсон байна. Тиймээс манай энхийг сахиулагчид шаардлагатай арга хэмжээ авч эмч нарын амь нас, эрүүл мэндийг хамгаалсан аж.
Энэ үеэр зэвсэглэсэн этгээдүүд нийт есөн удаа галт зэвсгээр галласан байна.
Түүнчлэн тухайн үүссэн цагийн байдлыг үнэлж шуурхай бүлгийн даргын гаргасан шийдвэрийг д/а Э.Лхагвасүрэн ахлагчтай эргүүлийн 2 дугаар бүлэг /дэд ахлагч Д.Даш-Өлзий, Ж.Отгончулуун, С.Цэнд-Аюуш/ эр зориг гарган, үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэснээр уг ажилтныг “Хубилай” баазын байрлалд авч ирснээр мандатад заагдсан үүргээ биелүүлжээ.
Уг хэргийн мөрөөр Мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахара, ӨСАБХХ-ний IV дивизийн захирагч, хошууч генерал Карло Куал Руаи нар хүрэлцэн ирж болсон үйл явдлын талаар тодруулж, батальоны удирдлагатай уулзсан юм. Уулзалтын үеэр хатагтай Хироко Хирахара “Монголын батальоны цэргийн алба хаагчид зэвсэглэсэн этгээдүүдийн заналхийллийг үл тоон, эрсдлийг сөрөн хариу буудлага хийлгүйгээр хүмүүнлэгийн ажилтны амь нас, аюулгүй байдлыг хангасанд сэтгэл өндөр байна. Монгол цэргүүд шаардлагатай үед зэвсэг хэрэглэх бүрэн чадвартай, мэргэжлийн цэргүүд гэдгээ дахин баталлаа. Та бүхэнд НҮБ ямагт итгэж, та бүхнээр бахархдаг” хэмээн онцолжээ. Мөн хошууч генерал Карло Куал Руаид хандан “ӨСАБХХ-ний цэргүүд дахин ийм үйлдэл гаргавал хатуу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэв.
Үүний хариуд хошууч генерал Карло Куал Руаи болсон үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлэн, Мужийн зохицуулагч болон монгол цэргүүдээс уучлал хүссэн байна.
Учир нь хүмүүнлэгийн ажилтныг барьцаалах оролдлого хийж, эмх замбараагүй байдал үүсгэсэн этгээдүүд нь энгийн хувцас өмссөн ӨСАБХХ-ний IV дивизийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн цагдаагийн алба хаагчид байсан нь эл үйл явдлын дараа тогтоогджээ.
Ийнхүү ажиллагаанд ахмад Б.Цээноров, сургагч ахлагч Д.Нямдаваа, А.Мягмарсүрэн, ахлах ахлагч Н.Пунцаг, дэд ахлагч Э.Амарсайхан, М.Алтайншагай, Б.Батсүмбэрэл, Т.Баяраа, Ц.Ганбаатар, Д.Даш-Өлзий, Э.Лхгавасүрэн, Ж.Отгончулуун, С.Цэнд-Аюуш, О.Цэрэндэндэв, С.Соёлмөнх нар эрсдэлтэй нөхцөл байдалд эр зориг, мэргэжлийн ур чадвараа харуулан НҮБ-ын мандатаар хүлээсэн үүрэг нэр төртэй биелүүлж, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөлөө.