Япон улсад халдварын шинэ тохиолдлын тоо дахин нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар өчигдөрөөс эхлэн Токио, Осака хот болон Сайтама, Канагава, Чиба, Хюго, Фукуока мужуудад онц байдлыг зарлаж, хөл хорионы дэглэм тогтоож байна.
Өчигдөрийн байдлаар тус улсад шинээр 338 тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тохиолдол 4433-д хүрээд байна. Нийт 55.3 мянган хүнийг оношлогоонд хамруулжээ. Халдвар авсан хүмүүсээс 622 хүн эдгэрч, 93 хүн нас барсан бол 3718 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа эдгээр хүмүүсээс 80 хүний биеийн байдал хүнд байна гэж Japantimes сонины мэдээллийн сайтад мэдээлжээ.
Халдварын тархалттай тэмцэх зорилгоор Япон Улсын Засгийн газраас дахин 990 тэрбум ам.доллар буюу тус улсын ДНБ-ний 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний багц арга хэмжээ авахаар болжээ.