Манай улстай хил залгаа ОХУ-д өчигдөр оройн байдлаар халдварын 954 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 6343-д хүрээд байна. Үүнээс нийт тохиолдлын 70 хувь буюу 4484 тохиолдол нь Москва хотод бүртгэгджээ.
Мөн ОХУ-ын нийт 80 муж, улс, хязгаарт халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Буриад улсад шинээр найман тохиолдол нэмэгдэж, нийт 43 тохиолдол, Эрхүү мужид нийт 11 тохиолдол бүртгэгдээд байна.
Түүнчлэн халдварын тархалт буурч байсан Япон улсад нийт тохиолдлын тоо 3654-д хүрч цаашид өсөх хандлагатай байгааг мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан халдварын тархалтыг хумих, хязгаарлахын тулд Япон Улсын Засгийн газраас Токио, Осака болон бусад 5 мужийн нутагт Онцгой байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоох арга хэмжээ авч болзошгүй байна. Онц байдал тогтоох эсэх шийдвэрийг өнөөдөр гаргах юм байна.