Шинэ төрлийн коронавирусний эсрэг Монгол Улсын төр засаг, ард түмний хийж буй тэмцэлд туслах зорилгоор Хятадбанкнаас эмнэлгийн тусгай хамгаалалтын хувцас хэрэгсэл зэрэг хандив өргөх ажлыг зохион байгуулж байгааг тус банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас саяхан мэдэгдлээ. Үүнд эмнэлгийн тусгай зориулалт бүхий маск, бээлий, хамгаалалтын хувцас, нүдний шил зэрэг нэн чухал шаардлагатай эд зүйлүүд багтсан аж.
Энэхүү хандивын арга хэмжээ нь Монгол Улсыг оролцуулсан дэлхийн улс орнуудад зориулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Эдүгээ, Хятадбанкны төв байгууллагын нэгдсэн зохион байгуулалт болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэг туслалцаатайгаар Хятадбанкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар болон Хятад-Монголын Соёл Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сантай хамтран, Монгол Улсын Онцгой комисстой хандивын эд зүйлсийн тээвэрлэлт, хил гаалийн асуудлыг шийдэхээр шуурхай ажиллаж байна. Дээр дурдсан хандивын зүйлсийг цуглуулах ажлыг Хятадбанкны Шанхай хот дахь салбар хийж дуусгасан бөгөөд Монгол Улс руу тээвэрлэх ажлын бэлтгэл бүрэн хангагдаад байна.
Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Хятадын арилжааны том банкны хувьд, Хятадбанк нийгэм нийтийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд, энэхүү аюулт өвчний эсрэг нөхцөл боломжоо бүрэн дайчлан ажиллаж, эрүүл мэндийн салбарт нэн чухал шаардлагатай байгаа хамгаалалтын хэрэгсэл, эд зүйлсийг худалдан авч, дэлхийн улс орнуудад хандивлаж байна.
Хятад улс хамгийн хүнд хэцүү бэрхшээл сорилтод тулгарсан үед, Монгол Улсын Засгийн газар, ард түмний зүгээс шинэ төрлийн коронавирусийн эсрэг Хятад улсын хийж буй тэмцэлд дорвитой дэмжлэг туслалцаа үзүүлж, ялангуяа Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад биечлэн айлчилж, сэтгэлийн дэм өгч хандив өргөсөн нь “Зовох цагт нөхрийн чанар танигдах”-ын жинхэнэ тод үлгэр жишээ болж, хоёр орны бат бөх найрамдалт харилцааг илтгэн харууллаа.
CCTV.COM
Сэтгэгдэл (4)