Экспорт-импортын банк, Экспортын зээлийн агентлагуудын экспортлогчдод тулгамдаж буй санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр авч буй арга хэмжээ, шийдвэрүүдэд Герман улсын Оффенбург их сургуулийн Олон улсын бизнесийн профессор Андреас Класены хийсэн дүн шинжилгээг та бүхэнтэй хуваалцъя. Профессор Андреас Класен нь Монгол Улсад экспортын зээлийн даатгалыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж буй “Үндэсний давхар даатгал” ХК-ийн зөвлөхөөр ажиллаж байна.
Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн тархалт эрчимжиж, хүн амын эрүүл мэндээс гадна эдийн засагт томоохон цохилт өгч байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал буюу UNCTAD шинэ төрлийн коронавирусийн улмаас үүссэн эдийн засгийн тодорхойгүй байдал нь дэлхийн эдийн засагт хоёр их наяд ам.долларын нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ. Европын экспорт эрхлэгчид, ялангуяа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хувьд хариу арга хэмжээ авах чадвар хязгаарлагдмал байдаг тул томоохон бэрхшээлтэй тулгарч байна. Франц, Герман, Итали зэрэг орнын бизнес эрхлэгчид дараах шалтгаанын улмаас эдийн засгийн дарамтад орж байна.
Нэгдүгээрт, эрэлт гэнэт огцом буурч, хагас боловсруулсан бараа бүтээгдэхүүний хомсдолоос улбаатай нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, зээлийн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон арилжааны зээл буурсанаас үүдэн санхүүгийн цочрол бий боллоо. Хэд хэдэн салбарт үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосноор дэлхий даяар нийлүүлэлт хомсдол орж байна. Санхүүгийн бэрхшээл аль хэдийнэ тулгарч эхэлсэн бөгөөд төлбөрийн чадвартай болон төлбөрийн чадвар бага компаниудын аль алинд нь хөрвөх чадварын асуудлууд урган гарч ирсээр.
Хоёрдугаарт, өнгөрсөн жилээс л экспорт эрхлэгчдийн гадаад орчны хүчин зүйлст эрс өөрчлөлт гарч эхэлсэн. Доналд Трампын БНХАУ болон Европын холбоотой хийж буй худалдааны дайн үүний зөвхөн ганц жишээ. Засгийн газрууд бүс нутгийн болон олон талт худалдааны стратегиэ цуцалсаар байгаа нь дэлхий нийтийг худалдааны бодлогын тодорхойгүй байдалд хүргэж, улмаар олон улсын худалдаа дарамт шахалтад орж байна.
Гуравдугаарт, сүүлийн 10 жилийн хугацаанд хөгжиж буй зах зээл, хөгжиж буй эдийн засагтай орнууд Испани, Их Британи зэрэг дэвшилтэт эдийн засагтай орнуудтай харьцуулахад өсөлтөд илүү ач холбогдол хандуулах болсон. South-South trade буюу хөгжиж буй орнууд хоорондын худалдаа илүү чухлаар тавигдах болж, Европ дахь уламжлалт аж үйлдвэржсэн орнуудын харилцаа холбоог улам бүр муутгаж байна.
Европын холбооны ихэнх Засгийн газар коронавирусийн дэгдэлт нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шууд хохирол учруулж байгааг хүлээн зөвшөөрлөө. Зээлийн урсгал хязгаарлагдмал байна. Тухайлбал, зээлийн нөхцөл, барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан зээлдэгчид хүртэл арилжааны банкаас зээл авч чадахгүй байгаагаас үүдэн эргэлтийн хөрөнгийн асуудалд орж, улмаар экспортлогчид экспортын даатгалын хамгаалалт аваагүй бол захиалгаа нийлүүлэх боломжгүйд хүрч байна. Дэлхий нийтийн бодлогын тодорхойгүй байдлаас гадна гадаад худалдан авагчдын санхүүгийн эрсдэл нэмэгдэж буй энэ үед экспортлогчдод экспортын гүйлгээний эрсдэлээ хаахад даатгалын хамгаалалт улам бүр шаардагдах боллоо.
Экспорт эрхлэгчдийн зах зээлийг тэлэх, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Засгийн газрууд оновчтой бодлого, стратеги боловсруулан, хэрэгжүүлж ирсэн. Өрсөлдөх чадвартай улс байх эсэх нь экспортын санхүүжилтийн арга хэрэгсэл болон баталгаа даатгал зэрэг эрсдэлийг бууруулах механизм, тогтолцоог хэрэгжүүлэх төрийн бодлого, хөтөлбөртэй нягт уялдаатай байдаг. Тиймээс ч хэдэн арван жилийн өмнөөс Экспорт-импортын банк, Экспортын зээлийн агентлагууд байгуулагдан, хувийн хэвшлийн санхүүжилтийг дэмжих, тогтвортой байлгахад чиглэсэн катализаторын үүргийг гүйцэтгэж байна. Эдгээр байгууллага олон улсын худалдаанд туйлын чухал үүргийг гүйцэтгэдэг нь дэлхийн санхүүгийн хямралын үед нотлогдсон. Коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхий нийт ахин тууштай, шийдэмгий бодлого, арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Арилжааны банкууд зээлийн урсгалыг хадгалах боломжгүй болсон үед Экспорт-импортын банкууд болон Экспортын зээлийн агентлагууд, цаашлаад төрөөс экспорт эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, шийдлээр хангах хэрэгтэй.
ГЭХДЭЭ ХЭН ШИЙДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?
Европын комисс нь түр хугацаанд төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээг баталж гишүүн орнуудад эдийн засгийн уян хатан дэмжлэг үзүүлэх нөхцлийг хангалаа. Уг арга хэмжээнд 5 төрлийн дэмжлэгийг тусгажээ. Үүнд:
- Төлбөрийн чадварын яаралтай хэрэгцээг шийдвэрлэх зорилгоор шууд буцалтгүй тусламж олгох
- Олон нийтэд зээл, хөнгөлөлттэй хүүтэй зээл үргэлжлүүлэн олгох зорилгоор арилжааны банкуудад төрөөс баталгаа гаргах
- Банкуудад шууд тусламж, дэмжлэг олгох
- Гадаад худалдааны эрсдэлийг бууруулах уян хатан бодлого, хэрэгслийг ашиглах
- Зах зээлийн бус эрсдэлүүдийг хаах арга зам буюу шаардлагатай тохиолдолд Экспорт-импортын банк, Экспортын зээлийн агентлагууд богино хугацаат экспортын зээлийн даатгалын үйлчилгээг үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх
Уг арга хэмжээ, зааварчилгааны хүрээнд Экспорт-импортын банк, Экспортын зээлийн агентлагууд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан тээвэрлэлтийн өмнөх санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд анхаарал хандуулж байна. Тухайлбал, Дани улсын EKF Экспортын зээлийн агентлаг нь ЖДҮ эрхлэгчдэд нийт 1.25 тэрбум кроны үнэлгээтэй эргэлтийн хөрөнгийн баталгаа /зээлээ төлөхгүй байх эрсдэлийн 80%-ийн хамгаалалттай/-ны хөтөлбөрийг танилцууллаа. Австри улсын OeKB групп нь эргэлтийн хөрөнгийн баталгааны сангаа 2 тэрбум еврогоор нэмэгдүүлэн нийт 7 тэрбум евро болгов. Швед улсын EKN экспортын зээлийн агентлаг нь эргэлтийн хөрөнгийн бүтээгдэхүүний хамгаалалтын хувийг нэмэгдүүлэх боломжийг нягталж байна. Түүнчлэн Эстони улсын хувьд зээлийн барьцаа хөрөнгийн төсвийг 500 сая еврогоор нэмэгдүүлж, 1.5 тэрбум болгосноос гадна 50 сая евро бүхий хөрөнгө оруулалтын зээлийн хөтөлбөрийг танилцууллаа.
Европын комисс ба зарим гишүүн орнын хамтарсан үйл ажиллагааны дагуу Экспорт-импортын банк, Экспортын зээлийн агентлагууд нэрлэсэн зах зээлийн эрсдэлүүд болон OECD-ийн гишүүн орнуудад хамгийн уртдаа 2 жил хүртэлх хугацаанд хийх экспортын гүйлгээний эрсдэлийг хамгаалах даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байна.
Хямралын үед экспортын гүйлгээний эрсдэлийн үнэлгээг сайтар, нягт хийх шаардлагатай боловч Словак тэргүүтэй зарим орнын Экспорт-импортын банк, Экспортын зээлийн агентлагууд илүү уян хатан бүтээгдэхүүн, үйлчилгээнд анхаарал хандуулж байна. Чех улсын EGAP зээлийн даатгалын корпораци даатгуулах хүсэлт болон нөхөн төлбөрийг хурдан хугацаанд шийдвэрлэж байна.
Дани улсын Засгийн газар их хэмжээний эргэлтийн хөрөнгийн санг үүсгэж, өндөр хохирлыг улсын төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн бол Норвеги улс экспортын зээлийн агентлагаа агаарын тээврийн салбарт шинэ баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэв. Түүнчлэн Польш улсын KUKE экспортын даатгалын компани нь бүх дунд болон урт хугацаат экспортын зээлийн шинэ төслүүдийн гүйлгээний бүх эрсдэлийг хамгаалахаар болжээ.
Ийнхүү хөгжингүй болон хөгжиж буй орнууд экспортын зээлийн агентлагийг байгуулан экспортыг санхүүжүүлж, экспортын зах зээл дэх эрсдэлийг бууруулж байна. Олон улсын худалдаа нь санхүүгийн орчин түүн дотроо эргэлтийн хөрөнгө, худалдааны зээлийн системтэй нягт холбоотой. Манай улсын хувьд уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй экспортлогчдын хувьд экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох, бизнесийн орчныг дэмжих шаардлагатай байгаа билээ. Энэ ч утгаараа Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр, Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрүүдэд тус тус экспортын санхүүгийн бүтээгдэхүүнийг бий болгох замаар экспортлогч үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихийг тусгасан байдаг.
Уг стратегийн зорилго, бодлогын орчинд нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Хөгжлийн Ассосиаци /ОУХА/-ын хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой.
Төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд “Үндэсний давхар даатгал” ХК нь экспортын зээлийн даатгалыг Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бусад улсын адилаар Монгол Улсад экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ЖДҮ эрхлэгчид арилжааны банкуудаас хангалттай хэмжээний эргэлтийн хөрөнгийн зээл, бүтээгдэхүүн авахад бэрхшээлтэй тулгардаг. Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр нэмэлт материал, цалин хөлсний асуудлыг шийдэж улмаар нээлттэй дансны нөхцлөөр бараа, бүтээгдэхүүнээ экспортолж борлуулалтаа эрчимтэй өсгөх боломжтой юм. Ингэснээр экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ЖДҮ эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадвар өснө. Экспортын даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлснээр экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй, эрхлэхийг зорьж буй ЖДҮ эрхлэгчид экспортын даатгалын гэрээг барьцаа хөрөнгөөр ашиглан эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.
Түүнчлэн ЖДҮ эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ нээлттэй дансны нөхцлөөр борлуулснаар экспортын хэмжээгээ өсгөж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх давуу талтай ч улс төрийн болон арилжааны өндөр эрсдэлээс үүдэн их хэмжээний хохирол амсдаг. Хилийн чанад дахь худалдан авагчийн эрсдэлийг бууруулах худалдааны санхүүжилтийн хэрэгсэл болох экспортын даатгал нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид экспортын хэмжээгээ болон өрсөлдөх чадварыг сайжруулахад ашиглах уян хатан нөхцөл бүхий чухал санхүүгийн хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, уг арилжааны бус бодлогын даатгалын схемийг бүрдүүлснээр Монгол Улсын уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавх бэхжиж, экспортын зах зээлд нэвтрэх боломж өргөжнө.
“Үндэсний давхар даатгал” ХК нь 2020 онд экспортын зээлийн даатгалын хоёр төрлийн бүтээгдэхүүн /Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн даатгал, нийлүүлэгчийн зээлийн даатгал/-ийг зах зээлд нэвтрүүлэн дараах үндсэн хоёр асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүнд:
- Бүтээгдэхүүн боловсруулалт буюу үйлдвэрлэлийн үе шатанд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр эргэлтийн хөрөнгийн зээл авах бололцоог бий болгох;
- Нийлүүлэгчийн зээлээр дамжуулан нээлттэй дансаар худалдаа хийсэн тохиолдолд зээлийн хугацааг сунгаж төлбөрийн нөхцлийг сайжруулснаар Монгол Улсын экспортлогчдын өрсөлдөх чадварыг сайжруулах