Хувийн хэвшил болон ажиллах хүчинд тулгуурлан хямралаас үүдэлтэй санхүү, эдийн засагт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах зорилготой ажлыг ОУСК-ийн зүгээс авч хэрэгжүүлнэ.
Энэ сарын 17-нд Дэлхийн Банк болон Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-ийн Захирлуудын зөвлөлөөс улс орнуудын засгийн газар, компаниудад КОВИД-19-ийн хурдацтай тархалтаас сэргийлэх, илрүүлэх болоод хариу ажиллагаа явуулахад туслалцаа үзүүлэх зорилготой яаралтай санхүүжилтийн багцыг 14 тэрбум болгон нэмэгдүүлж баталлаа. Уг санхүүжилтийн багц нь өвчнийг тархалтыг барих, оношлох, эмчлэх гэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлыг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх болоод хувийн хэвшлийг дэмжих юм.
Дэлхийн Банк Группын гишүүн ОУСК нь уг 14 тэрбум долларын багцын 6 тэрбум долларыг КОВИД-19 өвчний тархалтаас үүдэлтэйгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон тэдгээрийн ажилчдад тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор гаргах байсан бол энэ хэмжээг 8 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
ОУСК-ийн санхүүжилтийн томоохон хэсэг нь тус байгууллагын харилцагч банк санхүүгийн байгууллагаар дамжин тэдгээрээр үйлчлүүлдэг, эдийн засгийн сарнилаас үүдэн хүнд байдалд байгаа хувийн компаниудад худалдааны санхүүжилт, эргэлтийн хөрөнгийн зээл болон дунд хугацааны бусад хэлбэрийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлэх юм. Мөн тус дэмжлэгийн хүрээнд ОУСК нь аялал жуулчлал, үйлдвэрлэл гэх зэрэг цар тахалд шууд өртсөн харилцагч аж ахуйн нэгжүүддээ мөнгөн урсгалын гачигдалд оруулахгүй байлгахад туслалцаа үзүүлэх юм. Үүнээс гадна онцгой байдлын хариу ажиллагаанд нэн шаардлагатай үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тарианы эрэлт нэмэгдэж буй энэ үед голлох үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон холбогдох бусад салбарт дэмжлэг үзүүлнэ.
“Энэ нөхцөл байдлыг даван гарахад шаардах хугацааг бид богиносгох нэн шаардлагатай байна. Уг санхүүжилтийн багц нь бизнес эрхлэгчид болон тэдгээрийн ажилчдад КОВИД-19-ын эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлж буй нөлөөг бууруулахад хэрэгтэй дэмжлэг болж очих юм” хэмээн Дэлхийн Банк Группийн Ерөнхийлөгч Давид Малпасс өгүүлэв. Мөн тэрбээр “Дэлхийн Банк Групп, улс орнуудын хэрэгцээ шаардлагад тулгуурлан хурдацтай бөгөөд уян хатан хариу ажиллагаа, дэмжлэгээ тууштай авч хэрэгжүүлэхэд бэлэн байна. Эхний ээлжийн дэмжлэг эхэлсэн байгаагаас гадна өнөөдөр баталсан санхүүжилтийн өргөтгөсөн хэрэгслүүд нь улс орны эдийн засаг, бизнес эрхлэгчдийг дэмжин, ажлын байрыг хадгалан үлдэхэд түлхэц үзүүлнэ” хэмээн онцлов.
“Уг цар тахал амь насанд халтайгаас гадна онцгой байдлыг давснаас хойш эдийн засаг болон хүмүүсийн амьдралын чанарт түүний үзүүлэх нөлөө илүү удаан үргэлжлэхээр байна. Энэ үед манай харилцагч байгууллагуудын үйл ажиллагааг алдагдуулалгүй дэмжсэнээр хөгжиж буй орнуудын хувийн хэвшил эдийн засгаа илүү хурдан сэргээх чадалтай болно хэмээн найдаж байна” гэж ОУСК-ийн Гүйцэтгэх захирал Филипп Ле Хоүрү өгүүлэв. “Ингэснээр нийгмийн эмзэг бүлэг өөрсдийн амьжиргааг илүү богино хугацаанд сэргээж, ирээдүйдээ дахин хөрөнгө оруулж эхлэхэд тустай юм” гэж тэрээр мөн тодотгов.