БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах зөвлөлөөс 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэвлэлийн бага хурал хийв.
Хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн газрын орлогч дарга Ми Фөнчөн хэлэхдээ “3 дугаар сарын 11-ний өдрийн 24 цагийн байдлаар Ухань хотод 8 шинэ тохиолдолд бүртгэгдэж, шинэ халдварын тоо нэг оронтой тоонд хүрсэн байна.
Ухань хот /Хубэй муж/-аас бусад мужид нэг долоо хоногийн хугацаанд 7 шинэ тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд үүний 6 нь гадаадаас хилээр нэвтэрсэн иргэд байсан. Одоогийн байдлаар шинэ халдварын тохиолдол буурч, халдварын тархалт бага түвшинд тогтвортой хадгалагдаж байна. Энэхүү статистик мэдээнээс үзвэл БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгаа өвчний халдварын оргил үе өнгөрснийг харуулж байна” хэмээн онцлов.
Цаашид цар тахлын тархалтыг бага түвшинд хадгалахын тулд эмчилгээ, оношилгоог тэргүүн эгнээнд тавьж, хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.