Дизайнер Д.Энхцэцэгтэй цахимаар холбогдож ярилцлаа. Английн Лондон хотод University of Art London college of fashion-ыг загвар зохион бүтээгчээр төгссөн тэрбээр Холливудын жүжигчдийн хувцсыг урлаад зогсохгүй Домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартнийн охины үүсгэн байгуулсан “Stella McCartney” брэндийн оёдлын мастер, загвар зохион бүтээгчээр ажиллаж байгаа юм. Түүний хувьд Англи улсын Лондон хотод ажиллаж, амьдардаг. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Миний хувьд Улаанбаатар хотод төрсөн. Хотын унаган хүүхэд. X дугаар хорооллын 43 дугаар дунд сургуулийг төгссөн. Эхээсээ гурвуулаа, дээрээ хоёр эгчтэй. Айлын бага охин болохоор нэлээд эрх өссөн. Авъя гэсэн юмаа авч байж л санаа амарна. Ээж минь III хорооллын 56 дугаар хүнсний дэлгүүрт заал зохион байгуулагчаар ажилладаг байсан. Харин аав минь группт байдаг байсан. Ээж ажил ихтэй гэж жигтэйхэн. Тиймээс аавтайгаа л ихэнх цагийг хамт өнгөрөөдөг байлаа. Социализмын үед хүмүүс өөрсдөө хувцсаа оёж өмсдөг байлаа шүү дээ. Том эгч Энхтуул өөртөө болон бид хоёрт хувцас оёж өгнө. Бид тэрүүгээр нь их гангарна өө. Хойшоо сургуульд явахдаа бага эгч бид хоёр том эгчийн оёж өгсөн хувцсыг өмсөөд явдаг байсан. Магадгүй тэр үеэс эхлээд юм оёх, загварын хувцас зурах сонирхолтой болсон байх.
-Эмэгтэй хүн бүрт оёж хатгах өгөгдөл бий. Таны хувьд хэдэн настайгаа хувцас оёж эхэлсэн бэ. Хамгийн анхны бүтээл хүн бүхний зүрх сэтгэлд хоногшин үлддэг. Та ямар бүтээл урлаж байв?
-8 жилийн сургуулиа төгсөөд Киргиз улсын Бишкек хотын Оёдлын сургуулийн Эмэгтэй хувцасны ангид гурван жил суралцаад төгссөн. 1992 онд төгсөж ирээд Шилмэл Загварын Ордонд оёдолчноор ажиллаж эхэлсэн. Тэр үед зах зээл эхлээд амьдрал маш хүнд болж байсан. Амралтын өдрөөр эмэгтэй костюм, юбканы хослол хийж, зах дээр зардаг байсан. Хурдан зарагддаг байсан шүү тэр үед. Хамгийн анх Киргизэд сурч байхдаа өөртөө бариун хар юбка оёсон. Үнэхээр сэтгэл хангалуун байсан. Орос багш нар маань магтаад л.
-Хүүхдүүд мэргэжил сонгохдоо ихэвчлэн эцэг эхтэйгээ зөвлөх эсвэл тэдний ор гэсэн сургуульд орж суралцсан тохиолдол их байдаг. Та ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг байсан бэ?
-Бага байхдаа мөрдөн байцаагч болохыг хүсдэг байлаа. Яагаад гэдгийг мэдэхгүй. Магадгүй адал явдалд дуртай хүүхэд байсан байж мэдэх юм. Социализмын үед хүссэн мэргэжлээ сонгох боломж бараг байдаггүй байсан. Тэр үед загвар зохион бүтээгч, оёдолчин болно гэж огт төсөөлж байгаагүй ээ. Гадагшаа л явж сурмаар санагддаг байлаа. Тэгээд Киргизийн оёдлын сургуулийн хуваарийг сонгож байсан даа. Эндээс л миний замнал эхэлсэн гэх үү дээ.
-Киргизээс гадна өөр ямар сургууль төгссөн билээ?
-Английн Лондон хотод University of Art London college of fashion-ыг загвар зохион бүтээгчээр төгссөн.
-Хэзээнээс Англид очиж, ажиллаж амьдарч эхэлсэн юм бэ. Гадаад улсыг зорих шалтгаан чухам юу байв?
-1998 онд анх англи хэл сурахаар Лондон хотын хэлний бэлтгэлд ирсэн. Хэлний бэлтгэлээ дуусгаад хэсэг ажиллаж байгаад Лондон хотод University of Art London college of fashion сургуульд элсэн орж загвар зохион бүтээгчээр төгссөн. Тэр үед сурахын хажуугаар ажил хийж сургалтын төлбөр болон амьжиргааны мөнгөө олдог байлаа. Үүнээс хойш Лондонд 22 жил амьдарч байна даа.
-Та дэлхийн хэмжээний алдартнуудын хувцсыг урлаж, тэр хэрээр эх орныхоо нэрийг цуурайтуулж байна. Алдартай жүжигчин, моделиудын хувцсыг урлаж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?
-Лондонд сургуулиа төгсөөд загварын том том нэртэй брэндүүдтэй агентлагаараа дамжуулж цагаар ажилладаг байлаа. Ингэж явж байгаад одоо миний ажиллаж байгаа Stella McCartney-нд цагаар ажилладаг болсон. “Стелла Маккартни” бол “Битлз” хамтлагийн Пол Маккартнийн охин Стеллагийн үүсгэн байгуулсан брэнд.
Яваандаа бүтэн цагаар ажиллах санал тавьсан. Мэдээж оддын хувцас оёх амаргүй л дээ. Ганц Англи биш Америкийн болон бусад нэртэй алдартнууд ирж хувцас хийлгэдэг. Хувцас нь өөрөө асар үнэтэй байдаг болохоор маш өндөр түвшинд, их хариуцлагатай байхыг шаарддаг. Мөн London болон Францад болдог загварын шоунд багаараа явж ажилладаг.
-Хамгийн анх хэн гэдэг алдартны хувцсыг урлаж байсан бэ. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв. Эргээд бодоход энэ бүхэн сайхан түүх болж үлдсэн дамжиггүй.
-Холливудын алдарт жүжигчин Johny Deep-ийн экс гэргий Amber Heard-ын хуримын даашинзыг оёж байсан. Тэрнээс хойш дандаа оддын хувцас оёх болгонд дууддаг болсон. "Энд ажиллавал одуудтай ажиллах юм байна даа" гэсэн бодол тэр үед төрж байсан. Оёсон даашинзаа хараад үнэхээр өөрөөрөө бахархаж байсан шүү.
-Алдартай хүмүүстэй хамтарч ажиллахад сайхан болон хүндрэлтэй тал байдаг байх. Тэр талаар сэтгэгдэлээ хуваалцана уу?
-Тийм шүү, ялангуяа алдартай байх тусмаа шаардлага өндөртэй байдаг. Миний оёсон хувцасыг дэлхийд алдартай хүмүүс өмссөн байхыг харах хамгийн сайхан мөч. Мөн алдартнуудтай биеэрээ уулзана шүү дээ.
Заримдаа зохион бүтээгчийн гаргасан загварыг оёход даавууны бэрхшээл гардаг. Жишээ нь даавуу, загвар хоёр хоорондоо зохицохгүй эсвэл ямар аргаар яаж оёх гэх зэрэг ухаан шаардсан зүйл их гарна. Шинэ содон өвөрмөц загварыг зурагнаас харах нэг өөр, амилуулж оёх нэг өөр. Хүндрэл багагүй гардаг.
-Холливудын олон алдартнуудын хувцсыг оёсон. Тухайлбал...
-Oprah Winfrey, Amber Heard, Cara delevingne, Julia Robert, Ханхүү Harry-гийн эхнэр Megan Markle, Ellie Goulding, Naomi Ackie, Olivia Colman, Emma Watson, George Clooney-гийн эхнэр Amal Clooney, Katy Perry, Laura Darn, Demi Moore, Ed Sheeran-ий эхнэрийн хуримын даашинз, Kate Moss, Jodie Comer зэрэг хүмүүсийн хувцсыг урласан даа.
-Загвар зохион бүтээгч дизайнер хүмүүс өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлсэн урлантай байдаг. Та урлангаа хэзээ нээж байв?
-Өөрийн Enka Couture гэсэн брэндээ гаргаад хоёр сар болж байна. Энэхүү брэндээ Монголд төдийгүй дэлхийд танигдах брэнд болгон хөгжүүлэх санаа бий. Одоогоор ажил ихтэй болохоор өөрийхөө брэндэд анхаарал хандуулж амжихгүй л байна. Цаашдаа өөрийн урлангаа Англи болон Монголдоо нээх бодол бий.
-Та ямар нэртэй загварын агентлагтай хамтарч ажилладаг вэ. Анх хэрхэн яаж холбогдов?
-Миний хийдэг ажил зүгээр л оёх, өөрөөр хэлбэл үйлдвэрийн дамжлагад ажиллах, эсвэл хаа ч байдаг хувцас гараас гаргахаас арай өөр. Оёдлын өндөр технологи гэвэл ойлгомжтой юм болов уу. Дизайнерын гаргасан санаа, шийдлээр эсгүүрчин эсгэнэ. Энэ нь тансаг бүтээл болох уу, эсвэл хэн ч тоохооргүй материалын цуглуулга болох уу гэдэг нь оёдолчны ур чадвараас хамаардаг. Хувцас урлал гэдэг нь хамтын бүтээл юм.
Хүмүүс буруу ойлгоод байна лээ, би Stella McCartney-д оёдолын мастераар ажилладаг оёдолын технологич. Дэлхийн алдартай хүмүүсийн хувцасыг гурван хүний бүрэлдэхүүнтэй баг хийдэг. Зохион бүтээгч, эсгүүрчин, оёдолчин. Би зохион бүтээгчийн гаргасан загварыг эсгүүрчин эсгэсний дараа оёж амилуулдаг. Ур чадвар ухаан шаардсан ажил тул өөрөөрөө их бахархадаг.
-2018 оны Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагналт жүжигчин Оливиа Колманын өмссөн даашинз таны бүтээл. Оскарын тайз нь дээрээсээ өөрийнхөө урлсасан бүтээлийг хараад ямар мэдрэмж авдаг вэ?
-Миний оёсон даашинз Оскарын тайзан дээр гарахыг харах сайхан байсан.
-Монголын загварын салбар хөгжиж байна. Хөгжихийн хэр алдаа оноотой олон зүйл ажиглагддаг. Та хэрхэн дүгнэдэг вэ?
-Манай монголчууд дээлийг орчин үетэй хослуулж энгийн болон загварын дээлнүүд гаргадаг болсон байна лээ. Өнгө болон дизайны хувьд их загварлаг болсон. Миний хувьд оёдолын технологи нь хоцрогдсон, зарим даавууны чанар тааруу харагддаг. Энэ талыг сайжруулаасай гэж боддог.
-Эх орондоо ирж ажиллах бодол бий юү. Хүний нутагт ажиллахад хэцүү шантармаар үе тохиолддог байх. Тэр бүгдийг хэрхэн даван туулдаг вэ?
-Эх орон, ээж, найз нөхдөө маш их үгүйлдэг. Анх Англид ирэхэд сайхан байсан. Ирээдүйнхээ төлөө маш их хөдөлмөрлөж, сурч ирсэн. Шантрах үе гаралгүй яах вэ. Би хоёр охин, нэг хүүтэй. Бид гэр бүлээрээ энд амьдардаг. Шантарсан үед нөхөр, охид минь сэтгэл санаагаар үргэлж дэмжсээр ирсэн. Эх орондоо ирэх бодол бий. Хэдийгээр гэр бүл минь энд байгаа ч Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад бэлэн байдаг.
С.Ичинхорлоо