Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийж, КОВИД-19 буюу шинэ төрлийн коронавирусний халдварыг Pandemic буюу дэлхийг хамарсан ЦАР ТАХАЛ гэж зарлалаа.
"Ирэх өдрүүд, долоо хоногуудад КОВИД-19 халдварын шинэ тохиолдол, нас барсан хүмүүс, өртсөн орнуудын тоо улам нэмэгдэнэ гэж тооцоолж байна. ДЭМБ энэ вирусний дэгдэлтийг цаг тутам тоолж, хянаж байгаа бөгөөд тархалтад санаа тун их зовниж байна. Тиймээс КОВИД-19 халдварыг пандемик буюу цар тахал гэж тодорхойлж болно гэсэн дүгнэлт хийлээ" гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус хэллээ.
ДЭМБ-аас өнөөдрийг хүртэл КОВИД-19 вирусийг эпидемик гэж тодорхойлж байсан ч илүү олон оронд өвчний тархалт нэмэгдэж байгаа байдал болоод тархалтын хамгийн идэвхитэй үе эхлээгүй байгаа зэргээс үүдэн Пандемик тархалт болох эрсдэл өндөр байсан.
Пандемик халдвар нь дэлхий даяар тархаж, маш олон хүнийг халдварлуулсан аюулт цар тахал юм. Хамгийн сүүлд 2009 онд H1N1 буюу гахайн томуу цар тахлаар нэрлэгдэж байсан бол дэлхийн түүхэнд хамгийн том Пандемик цар тахал нь "Испани томуу" байсан юм. Энэ цар тахлаар ойролцоогоор 500 сая гаруй хүн халдварлаж, 50-100 сая хүн нас барж байсан юм.
ДЭМБ-аас КОВИД-19 халдварыг цар тахал гэж зарласнаар улс орнуудад энэ халдвартай илүү хүчтэй, шуурхай, оновчтой тэмцэх цаг болсон гэх анхааруулгыг өгч буй аж. Гэхдээ улс орнуудын хувьд тэмцлээ эрчимжүүлэх хугацаа хэтэрхий оройтоогүй байгааг мөн хэллээ. Халдвар авсан хүмүүсийг түргэн шуурхай оношилж, эмчлэх, халдвар тээгчтэй ойр байсан хүмүүсийг маш богино хугацаанд илрүүлж шинжлэх, тусгаарлах зэргийг онцгой дэг журамтай хийж чадвал тархалтыг бууруулах боломжтой гэж зөвлөж байна.
Түүнчлэн энэ бол зөвхөн эрүүл мэндийн салбарын хямрал бус бүх салбарыг хамарсан хямрал болж буй тул бүгд тус тустаа тэмцэх ёстой гэж ноён Тедрос энэ үеэр онцолж байв.
Яг одоогийн байдлаар дэлхийн нийт 114 улсад КОВИД-19 халдвар бүртгэгдэж, 121500 хүн халдварлан, 4300 хүн нас бараад байна.