БНХАУ-ын Фужянь мужийн Чуанжоу хотод коронавирусний халдвартай байх магадлалтай хүмүүсийг тусгаарласан зочид буудал нурсан байна. Уг хэрэг энэ сарын 7-нд болсон бөгөөд барилга нурах үед дотор нь 80 хүн байсан аж. Эдгээрээс ес нь гарч амжсан бол 71 хүн нуранги дор үлджээ.
Аврах албаныхан нурангиас амьд үлдсэн хүмүүсийг хайж байгаа бөгөөд энэ сарын 8-ний байдлаар 48 иргэнийг гаргаж авсан бол 10 гаруй иргэн нас барсан байна. Аврах ажиллагаанд 1000 гаруй гал сөнөөгч болон бусад онцгой байдлын албаны хүмүүс ажиллаж байна.
Буудалд байсан хүмүүсээс 58 нь коронавирусний сэжигтэй иргэд байсан бол буудлын 16 ажилтан, автомашины дилерийн зургаан ажилтан байжээ.
Цагдаагийн байгууллагаас нурсан зочид буудлын эзнийг саатуулж, мэргэжлийн байгууллагаас барилга нурсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Синьхуа агентлагаас 2013 онд баригдсан долоон давхар төмөр хийцтэй барилгыг 2018 онд зочид буудал болгон өргөтгөсөн, нэгдүгээр сард нэг давхартаа засвар хийсэн талаар дурдсан байна. Мэргэжлийн байгууллагын эхний дүгнэлтээр барилгын тулгуур гажиж, улмаар нуралт болсон байх магадлалтай гэсэн аж.
Чуанжоу нь Хятадад коронавирусын дэгдэлтийн гол төв болох Ухань хотоос 600 миллийн зайд оршдог хот юм байна.
Г.Маргад