Шинэ төрлийн коронавируст халдвар дэлхийн 105 улсад тархаад байна. Энэ сарын 9-ний өдрийн 11:00 цагийн байдлаар халдварын улмаас 3827 хүн нас барсан бол халдвар авсан хүний тоо 109842-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар Болгар, Бангладеш, Молдав зэрэг зургаан оронд шинээр өвчлөл гарсан бол Япон, БНСУ, Итали, Герман, АНУ, Испани зэрэг оронд өвчлөл өндөр байна.
Дэлхийн эдийн засаг болоод хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулах болсон уг халдварыг анх генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээс гаралтай гэж БНХАУ-ын хэвлэлүүдэд дурдаж байжээ. Гэвч цагийн явцад сарьсан багваахайнаас болсон гэх дүгнэлтэд эрдэмтэд нэгдэж, улмаар эмчлэх арга хайсаар байгаа юм.
Хятад улсын хувьд халдварын тархалтыг хүчээр барьж, тогтоож чадсан гэж байгаа ч иргэдийн эрх ноцтой зөрчигдөж буйг тус улсын иргэд цахим орчинд мэдээлсээр байгаа юм. Харин тус улсын зүгээс олон тэрбум хүний амь нас, эрүүл мэнд яригдаж байгаа учир албадлагын арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж буй.
ДЭМБ-аас мэдээллэснээр 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барж нийт нас баралтын тоо 586-д хүрчээ. Иран улсад 1076 тохиолдол, нас баралтын тоо 49-өөр нэмэгдсэн бол Италид халдвар 25 хувиар өсөж, 133 хүн нас барлаа. Тэгвэл Сингапур Улсыг хувьд энэ сарын 08-ны өдрийн байдлаар нийт 138 хүн коронавирусээр халдварлаж, эрчимт эмчилгээний тасагт найман хүн эмчлүүлж байна.
Харин Япон улсад өнгөрсөн ням гарагийн байдлаар 456 болсон байна. Тодруулбал, “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр 696 хүн, Хятадын Хубэй мужаас тусгай нислэгээр ирсэн 14 хүн халдвар авсан талаар NHK мэдээлжээ.
Уг мэдээлэлд халдвар авсан хүмүүсийн хувьд Хоккайдод хамгийн олон буюу 101, Айчид 70, Токиод 64, Канагава, Осакад тус тус 41 тохиолдол илэрсэн байна, Эрүүл мэндийн яам болон тусгаарлалтын албаны 11 хүн халдвар авсан гэжээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (1)