COVID-19 дэлхийн нийт 60 гаруй улс оронд тархаад буйтай холбоотойгоор, эрүүл мэнд, эдийн засгийн хүндрэл бэрхшээл учирч буй улс орнуудад Дэлхийн Банк Групп эхний ээлжинд 12 хүртэлх тэрбум ам.долларын яаралтай тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байна.
Уг санхүүжилт нь COVID-19 (короновирус)-ийн тархалтын эсрэг болон үүнээс үүдэлтэй нөлөөллийг бууруулахад чиглэгдсэн үр дүнтэй арга хэмжээ авахад нь гишүүн улс орнууддаа туслалцаа дэмжлэг үзүүлэхэд зориулагдах юм.
Дэлхийн Банк нь энэхүү санхүүгийн яаралтай тусламжаар дамжуулан, халдварт өвчний голомтот тархалтаас хүн амыг сэргийлэх зорилгоор оношилгоо, тандалтыг сайжруулах зэргээр эрүүл мэндийн системийг бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх, мөн хувийн хэвшилтэй хамтран ажиллах замаар COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад нь хөгжиж буй улс орнуудад туслалцаа үзүүлэх аж.
COVID-19-тэй холбоотой зарцуулагдах эхний ээлжийн хямралын нөөцийн шугамаар олгогдох 12 хүртэлх тэрбум ам.доллар нь яаралтай тусламжийн хэлбэрээр олгогдох ба үүний 8 тэрбум ам.доллар нь шинэ санхүүжилт юм. Нийт санхүүжилтийн 2.7 тэрбум ам.доллар нь СБХОУБ, 1.3 тэрбум ам.доллар нь ОУХА, 2 тэрбум ам.доллар нь банкны батлагдсан санхүүжилтийн багцаас, үлдсэн 6 тэрбум ам.долларыг ОУСК, үүний 2 тэрбум ам.доллар нь батлагдсан худалдааны санхүүжилтийн багцаас тус тус бүрдэж байна. Санхүүжилтийн тодорхой хэсгийг бодлогын зөвлөгөө өгөх, олон улсын болон тухай тухайн улс, орны мэргэжилтний мэдлэг, туршлагыг дайчлах замаар үзүүлэх техникийн туслалцаанд зориулж зарцуулна.
COVID-19-ээс үүдэлтэй эрсдэл, эмзэг байдал улс орон бүрт харилцан адилгүй байгаагаас хамааран шаардагдах тусламж дэмжлэгийн хэмжээ өөр өөр байхаар байна. Дэлхийн Банк нь орлого хамгийн багатай болон чадавх султайн улмаас эрсдэл өндөртэй улс орнуудадад үзүүлэх тусламж, дэмжлэгийг нэн тэргүүнд авч үзнэ. COVID-19-ийн тархалт, түүний нөлөөлөл цаашид хэрхэн хувьсан өөрчлөгдөхөөс хамаарч, Дэлхийн Банкны зүгээс ашиглах арга зам, нөөц бололцооны асуудлыг дахин эргэн авч үзэх болно гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.