Улсын онцгой комиссийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Хурд” хамтлагийг хүлээн авч уулзаж байна. Энэ үеэр "Хурд" хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баяраар онлайн тоглолт хийхээр болсноо мэдэгдлээ. Ингэснээр баярын өдрүүдэд эмэгтэйчүүд гэртээ суугаад “Монгол” телевизээр “Хурд” хамтлагийн тоглолтыг үзэх боломжтой юм байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Онлайн хэлбэрээр тоглолт хийх гэж буйд баяртай байна. Өдөр бүр шинэ коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байна. БНСУ сэтгэл түгшээж байна. Тэнд манай монголчууд олуулаа байгаа. Тиймээс Улсын онцгой комисс Сар шинийн өдрүүдээр хуралдлаа. Цаашдаа хөл хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлнэ. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяраар ч хөл хориог үргэлжлүүлнэ.
Зарим нислэгүүдийг зогсоохоор өөр аргагүй болж байна. Замын Үүд, Буянт-Ухаагийн боомтоор зарим хөдөлгөөнийг хүлээж авна. Бид энэ вирусийг ороод ирвэл ямар эмчилгээ хийхээ мэдэхгүй. Гэхдээ орж ирсэн тохиолдолд бэлэн байдлыг хангана.
Та бүхний өгч байгаа хандивт баярлалаа. Хандив сайн сайхан бүхний булаг болж ундрах болтугай гэж ерөөе. Та бүхэн дуу хуураараа төдийгүй нийгмийн хариуцлагаараа уриалж байгаад баяртай байна” гэлээ.
Ташрамд дурдахад, Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгоод байгаа юм.
С.Сүлд