АНУ-д Covid-19 вирусийн халдвар авсан анхны өвчтөн нас барсан тухай Засгийн газар нь мэдэгджээ. Өвчтөн Вашингтон мужийн иргэн, архаг хууч өвчтэй, 50 гаруй насны эмэгтэй байсан тухай Цагаан ордноос мэдээлсэн байна.
Энэхүү мэдэгдлийн өмнө АНУ-ын Калифорни, Орегон мужуудад коронавирусийн халдвар дотоод эх үүсвэрээс тархсан хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүд зарлаад байсан юм. Уг мэдээлэлд халдвар авсан хүмүүс нь ойрын хугацаанд гадаад оронд аялаагүй, албан ёсоор бүртгэгдсэн халдвартай хүмүүстэй ойр байгаагүй гэсэн байдаг.
Ийнхүү Covid-19 халдвартай өвчтөн нас барсантай холбогдуулж муж даяар онц байдал зарлаж, болзошгүй тахалд засаг захиргааны бүх алба нэгжүүд бэлэн байх даалгаврыг Вашингтон мужийн захирагч Жэй Инсли өгчээ.
Өнгөрсөн бямба гарагт АНУ даяар Covid-19 вирусийн халдварын 19 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийтдээ 62 болоод байгаа юм. Тэдгээрээс дөрвөн өвчтөний биеийн байдал хүнд байгаа бол 15 өвчтөн бүрэн эдгэрсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Коронавирусийн гамшигтай тэмцэх ажлыг АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс удирдахаар болжээ. Мөн Өмнөд Солонгос, Итали улсуудад зорчихгүй байх анхааруулгыг өөрийн иргэдэд зориулж гаргасан байна.