Монгол хүн хэзээ ч, яасан ч тусахгүй мэт авирлаж, аагиж явсан бид сар шинийн энэ өдөр нэгэн таагүй мэдээ дуулав. 35-хан настай монгол залуу БНСУ-д эмчлүүлэх гэж очоод корнавирусын халдвар авсан гэх мэдээ ёстой л өвсөнд тавьсан гал шиг дүрэлзэж, ааг омог ихтэй нэгний хандыг дарсан бол элдэв цуурхал тарааж, сенсаацлах дуртай нэгний цөсийг хөөргөв болов бололтой. Хэн бүхний инээж хүлээж аваад байх таатай бус эл мэдээг солонгосчууд хэрхэн хүлээж авсан бэ.
Тэгвэл эл асуудлаар Ёнхап агентлаг ийн мэдээлжээ. Уг мэдээнд "Гёнгги мужийн Намьяанжу хотын Бёлнэ хороонд амьдардаг 35 настай Монгол Улсын иргэн коронавирусын халдвартай болох нь батлагдлаа гэж 25-ны өдөр мэдэгдлээ.
Намьяанжу хотын хувьд энэ төрлийн вирусын халдвар тээгчийн анхны тохиолдол бөгөөд халдвар авсан замыг олж тогтоож чадаагүй байна.
Өвчтөнг одоогоор Бундан дахь Сөүлийн Их Сургуулийн эмнэлэгт тусгаарлаж, эмчилж байгаа бөгөөд тэрбээр 20-ны өдөр Монгол Улсаас ирсний дараа бие нь тааруу өвдсөн учир гэрээсээ гадагшаа гараагүй аж. Тэрбээр элэгний өвчин болон бөөрний дутагдлаас болж гэртээ сувилуулж байсан бөгөөд өвчин нь хүндэрч өглөөний 06.00 цагт Куян хотын Мёнгжи эмнэлэгт хүргэгдэн ирсэн даруйдаа шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвартай болох нь нотлогдлоо.
Түүнтэй хамт амьдардаг эхнэр болон төрсөн эгч мөн шууд харилцаанд орсон Монгол Улсын зургаан иргэнд вирусын халдварын шинжилгээ хийсэн ба золоор бүгдэд нь илрээгүй байна.
Гэхдээ ойрын хүмүүс дунд нь ойролцоо их сургуульд суралцдаг Монгол оюутан байсан. Эдгээр оюутны суралцдаг их сургуульд энэ талаар мэдэгдэж тэдэнтэй харилцаанд орсон бусад хүмүүсийг нэмж судалж байна.
Намьяанжу хотын захиргаа энэ хүний гэр болон ойр орчимд ариутгал хийж хамт байсан гэр бүлийхнийг нь хүн тус бүрээр тусгаарлах арга хэмжээ авлаа.
Халдвар авсан залуугийн хувьд өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 8-нд Намьяанжу хотоос гарч амьдарч байгаад Монгол Улс руу буцаж, яваад ирсэн нь энэ юм байна.
Хотын дарга Жу Гван Хан "COVID-19-ийн халдвар тархахаас бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Гэвч хотын иргэддээ харамсалтай мэдээ сонсгох гэж байгаадаа хүлцэл өчье" хэмээгээд "Вирус тээгчтэй ойрхон байсан хүмүүсийг олж тогтоох бүрдээ цахимаар болон мессэжээр зарлах болно" гэж мэдэгдсэн талаар тус улсын Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяа орчуулан хүргэжээ.
Тэгвэл коронавирусийн халдвар авсан залуу нь 2019 оны долдугаар сарын 31-нд Замын-Үүд боомтоор дамжин БНХАУ руу гарч, үүний дараа арванхоёрдугаар сарын 31-нд OM-301 онгоцоор БНСУ-аас Монголд иржээ. Харин Монголоос Солонгос улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр явсан. Одоогоор Бундан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.
Г.Маргад