Япон улсад шинэ коронавирусийн халдвартай эхний хүн нас барсныг өчигдөр орой зарласан байна. Японы Эрүүл мэндийн сайд Кацунобу Катогийн мэдээлснээр нас барсан хүн нь Канагава мужийн оршин суугч, 80 гаруй насны эмэгтэй байжээ. Ингэснээр БНХАУ-аас гадна халдвартай хүн нас барсан гурав дахь тохиолдол нь болж байгаа юм. Нас барсан эмэгтэй коронавирусийн халдвартай байсан ч энэ нь үхлийн шалтгаан болсон эсэхийг эцэслэн батлаагүй байгаа аж.
Тэгвэл Хятадын Хубэй мужид COVID-19 титэм вирусийн халдвар авсан 14 сартай хүүхэд эмчилгээ хийлгүүлэн, бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан талаар Синхуа мэдээлсэн байна.
Уг мэдээлэлд хүүхэд нэгдүгээр сарын 26-ны өдөр зургаа хоног суулгаж, бөөлжсөн зовуурьтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Түүнчлэн эмчилгээ хийсний дараа амьсгалын дутмагшлын шинж тэмдэг илэрсэн байна. Түүнийг тусгаарлан, шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсныг тогтоожээ. Энэ нь Хятадад шинэ төрлийн титэм вирусийн халдвар нь хүнд шатанд очсон анхны хүүхэд болж байсан аж.