Шинэ төрлийн коронавирусын тархалтын эсрэг ОХУ-ын Засгийн газраас зарим арга хэмжээг авч эхэлжээ. Тодруулбал, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр шинэ төрлийн коронавирус (2019-nCoV)-ын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 01-нээс эхлэн Монгол Улс, ОХУ-ын улсын хилийн Эрээнцав-Соловьевск (автозам), Сүхбаатар-Наушки, Цагаан нуур-Ташанта, Алтанбулаг-Хиагтын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-аас Монгол Улсаар дамжин ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхийг түр хязгаарлаад байгаа юм. Түүнчлэн, энэ сарын 4-ний өдрөөс агаарын хилийн боомтоор БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ирж буй гадаад иргэдийг нэвтрүүлэхийг түр хугацаагаар хязгаарлажээ. Харин, Москва хотын “Шереметьево” шалган нэвтрүүлэх боомтоор Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын иргэд, онгоцны багийн гишүүд, албан ёсны зочид төлөөлөгчид болон тус улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийг зөвхөн нэвтрүүлэх юм байна.