Дамба, Норжмоо хоёр наадам тарсан өдөр сумын төвөөс нар шингэхийн өмнөхөн гарлаа. Тэд өндөр уулын сүүдэр буусан тал дундуур шинэхэн улаан “Ява”-гаар тийрэлтэт онгоц шиг цэнхэр утаан зам үлдээн дээд зэргийн хурдтай давхилаа. Норжмоогийн улаан алчуур салхинд дэрвэлзэн хийсэж, дотроо ялимгүй зүрхшин айсан тул Дамбын бэлхүүсээр чанга тэвэрч, махлаг зөөлөн хацраа түүний даланд наалдуулан халуу дүүгүүлж сэтгэлийн дотор хэмжээгүй баяр жаргалд автагдан явжээ. Зарим хотгор, жижигхэн судаг газар мотоцикль нисэх мэт дүүлэхэд тэр хоёр нүдээ тас анина. Нэлээд давхисны дараа Дамбыг эрүүгээрээ аяархан ёворсонд цаадах нь мотоциклынхоо хурдыг хасан бараг зогсох дөхөөд:
-Юу гээв? хэмээн асуулаа.
-Яасан хамаагүй давхих юм бэ. Миний толгой эргэж, дотор муухай болж байна гэж Норжмоо худал хэлж аяар явуулахыг оролдсонд Дамба тийнхүү хурдан давхихыг больж зөөлөн явах зуур:
-Энэ чинь барагдахгүй арвин тал байгаа юм. Би цэрэгт явахдаа аавын хонины хээр мориор өглөөнөөс орой хүртэл шогшуулсан юм даа ... гэж хууч хөөрч эхлэв.
Энэ явдал гурван жилийн өмнө болжээ. Хоньчин Лхагвын ганц хүү цэргийн албанд мордоход сумын төв орох унааны тухай гэрийн дотор бөөн маргаан дэгдэв. Эх Долгор:
-Хүүгээ хөнгөн хөлтэй мориор сум руу явуулна. Урьд хатуу хэцүү ажлы нь хийж, хойно урьд нь гүйдэг байсны хэрэг юу билээ. Халтарынх сум орох хөнгөн хөлтэй унаа өгөлгүй яахав гэж зүтгэхэд
-Ямар хүнээс юм гуйхын дон шүглэсэн биш, тэгж царай алддаг цаг өнгөрсөн. Чи Халтарын занг мартаа юу, тэр чинь хясаж л байвал ганц болдог хүн гэж Лхагва эсэргүүцжээ. Эцэг эх хоёрыг маргалдахад Дамба хөмсөг буулган дуугүй суулаа.
-Нүүрэндээ илэг наасан юм шиг хүнтэй уулзахаас айдаг жигтэйхэн хүн шүү. Халтарынд очоод унаа гуйхад юунд нь хойш сууна даа. Амнаас нь ам уначих юм биш. Өгвөл өгнө л биз, өгөхгүй бол байна л биз. Ямар гарзтай юм уу...гэж Долгорын яншихад Лхагва ундууцаж түүн рүү муухай харснаа Дамбад хандан:
-Миний хүү аавынхаа хээр морийг унаад яв. Муу ч гэсэн өөрт байгаа юмыг хүнээс гуйгаад яах вэ. Аавын нь хээр морь хаа ч хүрчихнэ гэж итгэлтэй өгүүлжээ. Лхагвын зөрүүд зан хөдлөхөөр юу ч хэлээд нэмэргүй тул Долгор түүний чихнээс хонох уяхыг болив. Харин үгэнд нь оролгүй өөрийнхөөрөө зүтгэсэнд хяхуурхан аашилж загнах өө сэвийг сайн олж байв.
Хэрэв Дамба “Хээр мориороо явна” гэж зүтгээгүй бол бас л Долгор санасандаа хүрэхээс нааш санаа амрахгүй байж билээ. Маргааш нь өглөө эрт Дамбыг хээр мориндоо мордоход эх Долгор дөрөөн дээр нь суу дусааж баруун хацры нь үнсэхдээ нулимсаа барьж ядан хоолой нь зангиран биеэ хайрлаж явахыг захин эх адаггүй юм урсгахад:
- Залуу насандаа юм л сурахыг бодоорой. Хүний хойгуур сууж юм сурахаас хоцорвол хожим өөрөө гэмшихэд хүрнэ. Хүнтэй л адилхан хүн юм чинь хүнээс хоцрох хэрэггүй хэмээн эцэг Лхагва өгүүлжээ.
Дамба аавынхаа хонины хээр морийг унаж, айл амьтнаас холуур дөлж дөрвөн мөчөөрөө зай завсаргүй далавчлан балбавч яг, яг шогшихоос үл хэтэрнэ. Намрын халуун өдөр ингэж явах нь яршигтай санагдавч бас ухаа толгой даван явсандаа тайвширч, заримдаа хашин хээр мориныхоо тааваар сажлуулж байв. Намайг ингэж явахад нутгийн залуус л битгий тааралдаасай гэж Дамбыг бодоход хоёр чих нь улайн духнаас нь хөлс чийхарав. Аз болоход тэр өдөр Дамбатай замд хэн уулзалдсангүй.
Тэгэхэд харамч хочтой Халтарын охин Норжмоо ишигний сүүл шиг годгор хоёр салаа гэзэгтэй, залуу эрийн анхаарал татмааргүй байсан. Халтарын ялимгүй юм харамлаж боож үхэх дөхөн бачимдахыг Дамба дотроо жигших тул болж л өгвөл Халтарынхаас холхон явахыг хичээнэ. Харин Халтар бол “Хар Лхагва заяа муутай учраас манай хаяа түшихгүй, тошсон бух шиг ганц гэр явна” гэж боддог байв.
Эцгийн хашин хээр мориор сумын төв орж, оройдоо түүнийг таних хүнд хөтлүүлэн буцаасны дараа Дамбын санаа амарчээ. Тэр цэрэгт ирээд барилгын ангид орж ажилласан нь өнгөрсөн гурван жилд барилгын олон төрлийн ажил хийж чаддаг болсноор барахгүй хаана ч толгой, өвдөхгүй өрлөгчин болжээ.
Норжмоо түүнийг дахин эрүүгээрээ зөөлөн ёвров. Дамба мотоциклоо алгуурхан зогсоолоо. Талд холбоо нуур, хужир марз дундуур урссан нарийхан гол гайхалтай сайхнаар шингэх нарны эцсийн туяанд гялалзан өдрийн халууныг давж оройн сэрүүнийг угтан буй хот айл үнэхээр жаргалтай харагдаж байлаа. Дамба, Норжмоо хоёрын зогссон ухааг бараан сүүдэр бүрхжээ. Гэвч өдрийн наранд улайсах мэт халсан газрын хөрс хөрч амжаагүй ажээ.
- Дамба нэгдлийн дарга та хоёрын яриа юу болж тарсан бэ? гэж Норжмоо анх суман дээрээс хөдлөхөөс эхэлж сэтгэлийн нь зовоосон нөгөө зүйлээ асуулаа.
- Хэд хоногоос сумын төвд ирж, барилга дээр ажил хий л гэж байна. Яадаг шүү юм байгаа юм бэ, мэдэхгүй. Нэгэнт мэргэжлий нь эзэмшсэн болохоор очиж ажилладаг л хэрэг байх даа хэмээн тээнэгэлзсэн байртай ярьсанд Норжмоо түүний яриаг тасалж,
- Очсон нь дээр. Хөдөө байхлаар хайран сайхан мэргэжил нэг л мэдэхэд зэврээд хэнд ч хэрэггүй болчихно шүү дээ гээд:
- Чи суман дээр суух дуртай байна уу? гэхэд:
- Мэдэхгүй гэж хэлээд баясангуй инээжээ.
Тугалын зэлний хажууд нойтон аргалаар май тавиад, үнээ саалгах хүн юусан билээ хэмээн гэрийн үүдэнд нүцгэн хүрэн хэнхдэгээ ил гарган өмд цамцтай зогсож байсан Халтар хажуухнаар нь шурдхийн өнгөрсөн мотоциклоос цочин ухасхийхдээ тотго мөргөж аман дотроо хараал тавив. Гэвч Норжмоог түргэн ирсэнд баярлан:
- Ашгүй та хоёр хүрээд ирэв үү? Би ч өнөөдөр амжиж ирэхгүй, хэдэн үнээгээ хэнээр саалгадаг юм билээ гэж л бодож байлаа шүү хэмээн албаар инээмэр болжээ. Тэгээд тулганы хажуу дахь мөнгөн бүслүүртэй зэс домбо тийш зааж:
- Хүйтэн юм залгилцгаа. Мөн ч халуун өдөр байлаа шүү гээд,
- Замд ам цангах зав ч болсонгүй. Бид суман дээрээс тун саяхан гарсан гэж Норжмоогийн хэлэхэд Халтар зовхи нь унжсан ногоон нүдээ бүлтийлгэн:
- Их хурдан явжээ. Энэ “мулцагсэлээдий” гэдэг чинь хөдөөний хүнд л ганц тохирох сайхан унаа юм даа. Ийм хурдан юм чинь дээр нь явахад халуун өдөр салхи татуулаад мөн сайхан байдаг бий гэж гайхав.
- Сум орох ажил гарвал та надтай хамт яваарай гэж Дамбын өгүүлэхэд Халтар их олзуурхан:
- Тэгье байз. Сум орох ажил байлгүй яахав гэж хэлэхдээ “ойр зуурын юманд бэлэн сайхан унаатай боллоо. За байз энэ унаагаар чинь л өнөө хэдэн морины хойноос эрэлд явдаг хэрэг. Хар Лхагвын хүү манайхаар эргэлддэг чинь тийм ч муугүй юм болох бий. Хүнээсээ унаа нь илүү хэрэг болно” гэж бодож байв.
Дамбыг явсны дараа Халтарын жөтөөрхөл гэнэт хөдөлж хэлэх муу үг олж ядахдаа хамар дороо доогтой дуугарч:
- Юм гэдэг хачин байх юм. Бүх л амьдралдаа хөнгөн хөлтэй морины нуруун дээр гарч үзээгүй хар Лхагва гэнэт далавчит унаатай болчих гэж. Дамба ч хүн харахад нурмайсан томоотой юм шиг хир нь дотуур тамиртай муу санаатай золиг байгаа юм гэхэд Норжмоогийн дотор сэрдхийн:
- Аав та юунд дандаа хүнийг элдвээр муу хэлж байдаг юм бэ. Тэд биднийг яагаа ч үгүй шүү гэж хэлээд:
- Чи тэднийг надаас өмөөрч хамгаалахдаа юу болдог юм бэ. Ээ чааваас, таарсан ч амьтан бол доо. Цаадуул чинь тэгж хүний хайр, халамж эдлэх заяатай улс биш гэхэд:
- Хүн шиг л хүмүүс гэж Норжмоо шийдэмгий хэлжээ.
Эцэг, охин хоёр нэлээд маргалдсан боловч өөр өөрийнхөөрөө зүтгэжээ. Халтар яаран Дамбыг үргээчихгүй, хурдан унаагий нь элдэв юманд хэрэглэхийг нэг талаар хичээх тул охиноо тайвшруулж:
- Аав нь Лхавгынхныг муу хэлэх гэсэн юм биш. Зүгээр санаснаа л хэлж орхилоо. Yүнийг цааш нь хүнд ярих хэрэггүй шүү хэмээн ятгав. Энэ үед Лхагвын бор гэрт бөөн баяр болж хүүгээ гэрийн босго алхмагц эцэг нь гоц халуунаар угтаж:
- Хүү минь наадамд түрүүлээд ирэв үү? Хийморьтой сайхан хэрэг байна. Аав нь чамайг наадамд түрүүлсэн гэж дуулаад арай л хөгшин хээр мориороо сум руу шогшуулалгүй сууж байна гээд:
- Аав та хэнээс дуулаа вэ? гэхэд нь:
- Дуулалгүй яахав. Нударга Дэндэв хөөрхий гэмгүй байдаг юм гэж хаа байгаа газраас ирж хэл хүргээд саяхан явлаа. Баярласан гэж жигтэйхэн явна билээ гэлээ.
Лхагва түрүүлсэн бөхийн байг эцэгтээ, сумын хоршооноос худалдаж авсан боов чихрээ ээждээ өгсөнд хоёр хөгшин баярласандаа арай л уйлсангүй, нэн их догдолсон сэтгэлийн эрхээр дуу алдан баярлав. Сумын төвийн сонин ярьж нэгдлийн дарга түүнийг яаралтай ирж барилга дээр ажиллахыг тушаасан тухай Дамбын өгүүлэхэд Лхагва шулуухан л:
- Очиж амжилгүй яахав хүү минь. Ямар унаагаар хүний царай харах биш, дуртай цагтаа л давхиад ирэх газар хойно гэж хэлэв. Долгор шулуухан дургүйцэж Лхагва тийш эгдүүцэнгүй харж,
- Хүүхэд шиг юман түрүүнд л долдгонож байх юм. Цэргээс халагдаж ирсэн хүн ганц зун гэр орондоо байж хэдэн хониныхоо сүүгээр гэдсээ цайлгахад яадаг юм бэ. Дамбыг үзээд л нэгдлийн барилга болохгүй болчихоо юу. тэр ч харин яршиг байна даа, гайгүй гэж омогдов.
Лхагва юмны учир ойлгож мэдэхийн оронд өөрийнхөөрөө зүтгэх дуртай эхнэрийнхээ баруун солгойгүй яншихаас түвэгшээж таг дуугүй болов. Дамба эцгээ өрөвдөх, эхийгээ хайрлах сэтгэлд автагдан сууснаа эд хоёулаа л миний төлөө санаа тавьж байгаа нь энэ гэж бодлоо.
-Ээж минь аав их зөв хэлж байна. Би цэрэгт зөвхөн л мотоцикль авах мөнгөтэй болох гэж барилга дээр ажилласан юм биш. Гол нь барилгын мэргэжилтэй болж нэгдэл, бригадаа тохижуулах л гэсэн юм. Би өөрөө барилга дээр ажиллая гэж бодож явсан, гэтэл өнөөдөр нэгдлийн дарга тушаал өглөө.
-Дамба минь ээж нь юу мэдэх вэ дээ. Чи өөрөө тэгж бодож байгаа бол над хэлэх юм алга.
Хэд хоногийн дараа Дамба сумын барилга дээр ажиллахаар явах боллоо. Явахынхаа өмнөхөн Норжмоотой уулзаж:
-Чи яая гэж бодож байна вэ? гэхэд хүүхний нүүр улайснаа тэр дорхноо больж:
-Намар хойноос чинь очно. Харин чи ажлаа сайн хийж бай гэжээ.
-Аав чинь надад дурамжхан юмаа?
-Тийм ч байж мэднэ. Тэгээд юу гэж?
-Ул нь бие биедээ сайн байвал улам л сайхан байх шүү дээ.
-Аав над хайртай, би чамд ... Ингээд болох биш үү.
Дамба мотоцикльдоо мордож тал дундуур салхи татуулан давхилаа. Бас сэтгэлийн их баяр хөөрөөс ундарсан уртын дуу аялах сонсодно. Тэр дууны аяыг Норжмоо гэрийн үүдэнд уяран чагнасаар л байв.
Сэтгэгдэл (2)