Монгол Улсын иргэн, талийгаач Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Малайзын шүүхээс цаазын ял сонсоод байгаа цагдаагийн алба хаагч асан Азила Хадри уг хэргийн тушаалыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак өгсөн гэж шүүхэд мэдүүлсэн билээ. Тэрээр “Нажиб Разак хэрэг явдал болсон 2006 онд Малайзын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашиж байсан. "Тэр бол аюултай гадаадын тагнуул" гэж хэлээд буудаж алахыг тушаасан гэж мэдүүлсэн юм. Ингэхдээ өөрийн туслах Муса Сафри гэх хүнээр дамжуулан түүнтэй холбогдсон бөгөөд тухайн үед Муса Сафри нь Куала Лумпур хотноо нэгэн гадаадын онц ноцтой тагнуул байгаа талаар Азила Хадрид хэлсэн байна. Тушаал өгөхдөө “Маш аюултай хүн. Манай улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн маш нууц мэдээллийг мэднэ. Үүнийгээ ашиглан Ерөнхий сайдын орлогч Нажиб Разакыг сүрдүүлж байна” гэжээ. Үүний дараа Ерөнхий сайд асан Нажиб Разактай биечлэн уулзах үед гадаадын тагнуул маш ухаалаг, овосгоотой нэгэн болохыг түүнд анхааруулаад нууц ажиллагаа явуулах тушаал, зааварчилгаа өгөхдөө цогцсыг хүн таних аргагүй болгож, хүнгүй газар аваачиж дэлбэлэхийг хүртэл зааварчилсан гэж мэдүүлсэн нь дуулиан тариад байсан. Уг хэрэгт нэр холбогдоод буй Муса Сафри нь Малайз улсын Пекан хотын захирагчийн албан тушаалыг хашиж байгаа аж.
Малайзын шүүх энэ сарын 17-нд хэргийн хавтаст хэрэгт нэмэгдсэн мэдүүлэг болон өргөдлийг хянан үзсэн байна. Хэргийн үнэн мөнийг олохын тулд бүх нотлох баримтыг ил болгож, нээлттэй шүүх хурал явуулах хүсэлтийг прокуророор гаргаад байсан. нтуяагийн амийг хөнөөсөн алуурчдын нэг уг хэргийг ерөнхий сайд асан Нажиб Разакын захиалгаар үйлдсэнээ шүүхэд мэдүүлсэн талаар Малайзын хэвлэлд саяхан мэдээлсэн билээ.
Тэгвэл Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак энэ сарын 19-нд Исламын шашны сүмд мөргөл үйлдэхдээ мянга гаруй мөргөлчдийн өмнө уг хэргийн захиалга өгөөгүй гэдгээ Аллах бурхны нэрийг барьж тангараглажээ.
Тэрбээр ийн тангаргалаад "Би талийгаачийг таньдаггүй, уулзаж ч байгаагүй. Хэрвээ би худлаа хэлсэн бол Аллах бурхан намайг харааж, гэсгээг” гэжээ. Тэрбээр өмнө нь гурван удаа ийн Аллахын өмнө ам өчгөө өгсөн бөгөөд энэ удаагийн мөргөлд эхнэр, охин хоёрын хамт оролцсон аж.
Сэтгэгдэл (6)