Хятадын “Yutu-2” газардагч төхөөрөмж сарны гадаргуу дээр 340 гаруй хоног ажиллажээ. Ингэснээр “Yutu-2” саран дээр хамгийн удаан ажилласан судалгааны төхөөрөмжүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх боллоо гэж Хятадын үндэсний сансар судлалын албанаас мэдэгдлээ.
Тус албаны Сарны хайгуул, сансрын инженерийн төвийн мэдээлж байгаагаар, Хятад улсаас өмнө ЗХУ сарны хайгуул судалгааны чиглэлээр дээд амжилт эзэмшиж байжээ. "Луна-17" сансрын хөлгийн тусламжтайгаар саран дээр газардсан “Луноход-1” төхөөрөмж 1970 оны 11-р сарын 17-нд саран дээр газардсан байна. Зөвлөлтийн робот машин сарны 11 өдөр буюу дэлхийн 321 өдөртэй тэнцэх хугацаанд сарны гадаргуу дээр ажиллаж, 1971 оны 10-р сарын 4-нд зогсолт хийжээ. Зогсолт хийхээсээ өмнө 10.5 км замыг туулсан байна.
Харин Хятад улсын “Yutu-2” бол “Чан-Е 4” сарыг судлах ажиллагааны хүрээнд илгээсэн хоёр дахь удаагийн газардагч төхөөрөмж юм.
“Чан-Е 4” залгагч төхөөрөмж 2018 оны 12-р сард Сычуань мужийн Шичан хиймэл дагуул хөөргөх төвөөс “Long March 3B” пуужингийн тусламжтай сар луу хөөрч, сарны хамгийн нууцлаг хэсэг болох дэлхий рүү хэзээ ч хардаггүй сарны туйлд хүрч очсон байна.
Энэхүү залгагч төхөөрөмж 2019 оны нэгдүгээр сарын 3-нд саран дээр зөөлөн газардаж, дараагаар нь “Yutu-2” төхөөрөмжийг амжилттай суурилуулсан байна. Одоогоор судалгааны төхөөрөмж Сарны Өмнөд туйлын Айткен хэмээн хамгийн гүн хэсэгт хэрэн хэсүүчилж, сарны гадаргын зураглал хийж, судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлсээр байна. Сарны хайгуул, сансрын инженерийн төвийн мэдэгдэж байгаагаар, “Yutu-2” төхөөрөмж сарны гадарга дээр ойролцоогоор 350 метр зам туулжээ.
Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бол, сарны нэг шөнө дэлхийн нэг шөнөтэй ижил урттай байдаг аж. Саран дээр шөнө болоход температур нь хасах 180 градусаас доош унаж, төхөөрөмжийг эрчим хүчээр хангах нарны гэрэл байхгүй болдог байна. Тиймээс “Чан-Е 4” ажиллагааны төхөөрөмжүүд одоогоор 12 дахь удаагаа түр зогсолт хийгээд байна.
Харин Хятад улсын саран дээрх судалгааны аялалыг эхлүүлсэн “Чан-Е 3” төхөөрөмж сарны 75 дахь өдрөө угтан авчээ. Дэлхийн өдрөөр тооцвол энэ төхөөрөмж 2200 шахам өдөр буюу 6 жил саран дээр ажилласан гэсэн үг юм. Ингэснээр Хятад улс саран дээр хамгийн урт хугацаанд судалгаа шинжилгээ явуулсан дээд амжилтаа хадгалсан хэвээр байна гэж холбогдох албаныхан мэдэгдлээ.
mm.cctv.com