Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн хамт олон уран бүтээлийн 48 дахь улирлын нээлтийн тоглолтоо энэ сарын 22-нд өөрийнхөө байранд хийх гэж байна. “New season 2020” хэмээн нэрийдсэн уг концерт оркестрын болон шилдэг гоцлол дуучдын тоглолтоос бүрдэж байна. Найрал хөгжмийн удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар, Б.Анар нар суут хөгжмийн зохиолч Сен-Санс, М.Глинка, Ж.Пуччини, П.И.Чайковский, А.Дворжак нарын бүтээлээс удирдан тоглуулна. Гоцлоочдоос Гавьяат жүжигчин Э.Анхбаяр, Соёлын тэргүүний ажилтан Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр болон Т.Отгонбаяр нар дуулна.
Улсын филармонийн удирдлагууд хэвлэлийн бага хурлаар “хоёр туулай буудсан” юм. Эхний мэдээлэл уран бүтээлийн 48 дахь улирлын нээлтийн тоглолт “New season 2020”-ын тухай байсан бол удаахь нь “Баян Монгол” жааз найрлын 50 жилийн ойн баярын тоглолтын тухай байлаа.
Тэртээ 1967 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддоржийн санаачилгаар Соёлын яамнаас энэ төрлийн чуулга байгуулах шийдвэр гаргаж, есөн уран бүтээлчтэйгээр ажлыг нь эхлүүлж байсан бол өдгөө хөгжим, техник, уран бүтээлчдийн ур чадвараар дэлхийн түвшний биг бэнд болтлоо өсөж дэвжсэн “Баян Монгол” чуулгынхан байгуулагдсаны 50 жилийн ойн баяраа энэ сарын 30-нд “Корпорэйт конвеншн сентер”-т хийнэ. Баярын арга хэмжээ 16.00 цагт чуулгын түүх өгүүлсэн баримтат киногоор эхлэх бөгөөд тоглолтоо 18.00 цагаас үзэгчдэд хүргэх юм.
“Баян Монгол” чуулгынхан тэгш ойн баяртаа түрүү жилээс бэлтгэж эхэлсэн. Чуулгын түүх, урын сан, уран бүтээлчдийн тухай өгүүлсэн баримтат кино, ном, хос цомог гаргалаа. Мөн чуулгын уран бүтээлээс 1980 онд дээжлэн бичүүлж, гаргасан пянзыг сэргээж шинэ найруулга, өнгө аястайгаар сонсогчдодоо хүргэхээр бэлдсэн гээд дурдвал олон ажил хийлээ.
“Баян Монгол” чуулгын ахмад уран бүтээлчдийн олон түмний сэтгэлд хоногшуулсан алдартай дуунуудыг өнөөгийн гоцлол дуучид орчин үеийн залуусын өнцгөөс харж, хэв маягийг нь үл ялиг өөрчилж дуулснаа баярын тоглолтоор үзэгч олондоо сонирхуулна.
50 жилийн ойн тоглолтыг “Корпорэйт конвеншн сентер”-т хийдэг нь бэлтгэсэн уран бүтээлээ аль болох олон үзэгч, сонсогчдод хүргэх гэснийх юм. Баярын тоглолтод “Харанга”, “Никитон” зэрэг хамтлаг болон дуучин, жижиг хэмээх Н.Оюунчимэг, залуу дуучин Ж.Ариунжаргал нарын олны хайртай дуучид ая дуугаа өргөнө.
“Баян Монгол” чуулгын 1980 оны пянзанд буй уран бүтээлүүдийг өнөөдрийн хөгжимчид шинэ найруулгаар тоглож, дуучид өөр өөрсдийн сонгосон стилиэр дуулах нь сонирхолтой байх болно. Тухайлбал, дуучин Наранбаатар гэхэд “том” Оюунчимэг агсны дуулсан “Аяны шувууд”, мөн Янжиндуламын ард түмэнд хүргэж, хит болгосон “Орь залуу нас” дууны хэв маягийг өөрчилж дуулж буй. Дуучин Солонго “Аавдаа” хэмээх, 1970-аад онд мөн дуучин Янжиндулам олны амны уншлага болгож байсан алдарт дууг өөрийнхөөрөө дуулж үзэгч, сонсогчдод хүргэхэд бэлэн болсон гээд дурдвал дуулгах сонин ихтэй тоглолт болох гэж байна.
Сэтгэгдэл (1)