БНХАУ дахь Монгол судлалын эрдэмтдийн оролцсон эрдэм шинжилгээний нэгэн томоохон хурал БНХАУ-ын Ганьсу мужийн Ланьжу хотноо өнөөдөр эхэллээ.
Баруун хойдын үндэстний их сургуулиас зохион байгуулж буй “Аман уламжлал ба өнөөгийн төлөвшил: Монгол төрөл хэлт үндэстнүүдийн аман зохиолыг дижитал хэлбэрт оруулах нь” сэдэвт уг хуралд Бээжингийн Төвийн үндэстний их сургууль, Өвөр Монголын их сургууль, Өвөр Монголын Багшийн их сургууль, Шиньжяны их сургууль, Хөхнуурын үндэстний их сургууль, ӨМӨЗО, ШУӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны академи зэрэг эрдэм шинжилгээ, сургалт судалгааны 10 гаруй байгууллагын 100-аад эрдэмтэн судлаач оролцож байна.
Энэ удаагийн хурлаар Монгол баатарлаг туульсын төлөөлөл болсон “Гэсэр”, “Жангар” болоод ардын үлгэр домгийн төрөл жанр, хэв шинж, шинжлэн судлагдсан байдал, Монголын аман зохиолд Энэтхэг, Төвдийн уран зохиол хийгээд гадаадын бусад улс орны аман зохиолын нөлөө, Бо Ань, Ёгор, Монгор зэрэг төрөл хэлт үндэстний аман зохиолд хийсэн хээрийн шинжилгээний дүгнэлт гэхчилэн тухайн салбарын уламжлалт асуудлуудаас гадна Монгол ардын аман зохиолыг дижитал хэлбэрт оруулж буй ажлын явц, үүний онцлог давуу тал, монгол эрдэмтдийн ном бүтээлийн үнэ цэнийн талаар хэлэлцэн дүгнэж, тулгамдаж буй асуудлаа хамтран шийдвэрлэх юм.
Мөн үеэр “Монгол ардын явган үлгэрийн хэв шинж хийгээд мотифын хэлхээс” номын шинэчилсэн хэвлэлтийн нээлтийн ёслол болох ажээ. Хурал хоёр өдөр үргэлжилнэ.